Харилцан хамаарал бүхий этгээдүүдийн хооронд хийгдсэн ажил, үйлчилгээ, барааны гүйлгээний талаарх мэдээллийг ТЕГ-ын даргын 2012 оны тавдугаар сарын 10-ны өдрийн 492 дугаар тушаалын хавсралт “ТТ-02 маягт”-ын тодруулгын долдугаар хэсэгт тусгаж зөвхөн Улсын төсвийн орлого, хяналтын газрын татвар төлөгчид тайлагнадаг байсан.
Улсын хэмжээний мэдээллийн санг бүрдүүлэх, үнэ шилжилтийн эрсдэл бүхий татвар төлөгчдийн урьдчилсан шинжилгээ хийх, татварын ногдлыг шууд бус аргаар бодиттой тодорхойлсныг баталгаажуулах зорилгоор Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 4 сарын 28-ны өдрийн А/96 дугаар тушаалаар “Харилцан хамаарал бүхий этгээдүүдийн хооронд хийгдсэн ажил, үйлчилгээ, барааны гүйлгээний тайлангийн маягт” (Маягт ХХМ-01), маягтыг нөхөх зааврыг шинээр батлуулсан болно.
Тус маягтын дагуу Татварын ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т заасан “Харилцан хамаарал бүхий этгээд” гэж Монгол Улсын болон гадаад улсын аливаа хуулийн этгээдийн удирдлага, хяналт болон эд хөрөнгийн эрхэд нь шууд ба шууд бусаар оролцох эрхтэй этгээдийг хэлнэ” гэж заасны дагуу гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд болон дотоодын груп компаниуд өөр хоорондоо бараа, ажил, үйлчилгээ хийсэн тохиолдолд түүнтэй холбоотой мэдээллээ тус маягтаар 2017 оны эхний хагас жилээс эхлэн 2 удаа тайлагнах тул татвар төлөгчид хугацаандаа тайлангаа гарган ирүүлэх ёстой аж.