Азийн хөгжлийн банкаас 2017-2020 онд Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх 1.2 тэрбум ам.долларын дэмжлэг бүхий түншлэлийн стратегийг Захирлуудын зөвлөл нь баталжээ. Үүний хүрээнд нийгмийн халамж, банкны салбарын хямралаас сэргийлэхэд зориулан 250 сая ам.долларын санхүүжилт олгох нь.
Бодлогод суурилсан зээлүүдийг ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжих хугацаанд хүн амын ядуу, эмзэг хэсэгт чиглэх нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг хэвийн үргэлжлүүлэх, банкны салбарын тогтвортой байдал, оновчтой бүтцийг дэмжих зорилгоор олгож буй гэнэ. Ер нь Монгол Улс, АХБ-ны түншлэлийн шинэ үе шат эхэлж байна гэж хэлж болох аж.
Тус банкнаас ирэх дөрвөн жилд манайд хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь эдийн засгийн хүндрэлийн үед хүртээмжтэй өсөлтийг хангахад чиглэх нь. Тодруулбал, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийг төрөлжүүлэх дэд бүтцийг хөгжүүлэх, байгаль орчны тогтвортой байдлыг бэхжүүлэх гэнэ. Түншлэлийн стратегийг хэрэгжүүлэх хугацаанд АХБ-наас жилд 300 орчим сая ам.долларын зээлийн санхүүжилт олгож байх бөгөөд тал орчим хувь нь бодлогод суурилсан зээл байх аж.
Тус банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен “АХБ нь Монгол Улсын хөгжлийн гол түнш болохын хувьд сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн үйл ажиллагааныхаа ололт, амжилтуудад тулгуурлан түншлэлийн стратеги боловсрууллаа. Үүнийг боловсруулахдаа ОУВС, Дэлхийн банктай нягт уялдаатай ажилласан” гэв.
Эдийн засгийн удаашрал, төсвийн тэнцлийн сөрөг нөлөөллийг бууруулах 150 сая ам.долларын санхүүжилт бүхий бодлогод суурилсан зээл олгосноор нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг төсвөөс хэвийн санхүүжүүлэх нөхцөл бүрдэх гэнэ. Тухайлбал, төсвийн удирдлага бэхжихийн сацуу одоо хэрэгжүүлж буй нийгмийн халамжийн 71 хөтөлбөрийн давхардал арилж, ядуу, эмзэг бүлгийн зорилтот хүн амд халамжийг чиглүүлэх боломж бүрдэх нь.
Засгийн газрын өмнө тулгарч буй өөр нэг сорилт нь чанаргүй зээл нэмэгдэж, төлбөрийн чадварт нөлөөлөхүйц хэмжээнд хүрсэн банкны салбарыг сэргээх шаардлага аж. Бодлогод суурилсан хоёр дахь зээлийн 100 сая ам.долларын санхүүжилтээр банкны салбар дахь бүтцийн өөрчлөлт, дахин хөрөнгөжүүлэхийг дэмжиж, чанаргүй зээлийг бууруулах, зохицуулалт, хяналт шалгалтыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм байна.
Үүний хүрээнд Засгийн газар уг салбарыг сэргээх төлөвлөгөө хэрэгжүүлэх бөгөөд чанаргүй активын зохист удирдлага, борлуулалтыг хангах гэнэ.