Иргэд ам.долларын хадгаламжаа төгрөг рүү шилжүүлж эхэллээ. Сүүлийн үед төгрөгийн хадгаламж үлэмж хэмжээгээр нэмэгдэж буйг монголбанкныхан дуулгасан. Валютын хадгаламжийн хэмжээ буурахаар төгрөгийнх нэмэгдэх нь гарцаагүй. Энэ бол иргэдийн хүлээлт өөрчлөгдсөний илэрхийлэл. Монгол Улс ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахаар болсон нь хүлээлтийг ийн “удирдсан” хэрэг.
Тус сангийн Захирлуудын зөвлөл Монголд хөтөлбөр хэрэгжүүлэхийг өнгөрсөн долоо хоногт зөвшөөрлөө. Эхний ээлжийн санхүүжилт болох 38.6 сая ам.доллар ч манай дансанд шилжиж, валютын нөөцийг зузаатгав. Ам.долларын ханш цаашдаа ч сулрах хүлээлт бий. Харин хэдэн төгрөгт хүртэл сулрахыг таахад бэрх. Монголбанкны бодлогоос ихээхэн зүйл шалтгаалах учиртай. Төвбанк зах зээлээс ам.доллар худалдан авч, валютын нөөцийг өсгөх бодлого баримталбал хэдэн зуун төгрөгөөр доошлохгүй л болов уу.
Монголбанкнаас өнгөрсөн баасан гаригт зарласан ханшаар ам.доллар 2404.5 төгрөгтэй тэнцэж байна. Энэ оны нэгдүгээр сарын 7-нд “ногоон”-ы төгрөгтэй харьцах ханш 2498 байв. Хагас жил хүрэхгүй хугацаанд ам.долларын ханш бараг 100 төгрөгөөр сулраад байгаа нь энэ. “Найман шарга” валют арилжааны төвийн ченжүүд өчигдөр ам.долларыг 2400 төгрөгөөр худалдан авч, 2405-аар зарж байлаа.
Мөн тэд юанийг 350 төгрөгөөр худалдан авч, 351-ээр борлуулж байсан юм. Ченжүүд ам.доллар худалдаж авахаас илүү зарах сонирхолтой хүн олон байгааг дуулгав. Өнгөрсөн долоо хоногт төгрөгөө шавхтал ам.доллар худалдаж авсан ченжтэй таарсан юм.
Монголбанкнаас банк хоорондын валют арилжааны цахим талбарыг дөрөвдүгээр сараас ажиллуулж эхэлсэн. Ингэснээр долоо хоногт хоёр удаа дуудлага худалдаа хийхээ больж, өдөр бүр валют арилжиж буй. Банк хоорондын валют арилжааны ханшийн мэдээллийг Төвбанкны цахим хуудаснаас авах боломжтой. Валютын дуудлага худалдаа хийдэг байх үед Монголбанк хэдэн ам.доллар зах зээлд нийлүүлж, хэдийг худалдан авч байгаа ил тод байв. Харин валют арилжааг цахим талбарт шилжүүлснээр энэ мэдээлэл далд болжээ.
Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд ойрын жилүүдэд 5.5 тэрбум ам.доллар манай зах зээлд орж ирэх нь тодорхой болсон. Үүнээс гадна Хятад, Энэтхэгийн Экспорт, импортын банкнаас тус бүр нэг тэрбум ам.долларын зээл олгохоо амлаад буй. Мөн Азийн дэд бүтцийн хөгжлийн банкнаас хоёр томоохон төсөлд зээл олгох боломжтойгоо Засгийн газарт дуулгажээ.
“Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилттэй нийлүүлж тооцвол ойрын 3-4 жилд 10 гаруй тэрбум ам.долларын урсгал манай орныг чиглэх нь. Энэ нь ам.долларын ханшийг доош чангаах “хүчтэй” нийлүүлэлт болох нь дамжиггүй. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын валютын нөөцийг дөрвөн тэрбум ам.долларт хүргэнэ гэсэн зорилт тавьжээ. Монголыг чиглэх валютын урсгалаас Төвбанк том шанагаар хутгаж хадгалах биз ээ.