Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс энэ онд нийслэлийн 16 сургуулийн орчныг хүүхдэд аюулгүй болгож тохижуулахаар болжээ. Хотын төвд, ачаалал ихтэй авто зам дагуу оршдог, сурагчид осолд өртөх эрсдэлтэй бүсэд байрладаг гэж Замын цагдаагийн албанаас тодорхойлсон сургуулиудыг үүнд багтаасан гэнэ.
Тодруулбал, нийслэлийн гурав, тав, 17, 20, 23, 24, 37, 48, 58, 62, 67, 87, 102, 105, 106, 117 дугаар сургуулийн гаднах талбайг тохижуулж, аюулгүй болгох нь. Ингэснээр сурагчид зам, тээврийн осолд өртөж бэртэх, амиа алдах тохиолдол буурна гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Энэ ажилд 860 сая төгрөг төсөвлөсөн бол нийслэлийн Авто замын хөгжлийн газраас тохижилтын зураг төсөл, төлөвлөгөөг гаргажээ. Зарим сургуулийн тохижилтын ажлыг хэдийнэ эхлүүлсэн гэнэ.