“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Олон улсын тээвэр зуучлалын төв транзит тээврийн асуудлаар ОХУ-ын “Роснефть”, “Трансойл” компаниудтай хамтран ажилласны үр дүнд 2005 оноос хойш тасраад байсан түүхий нефтийн транзит тээврийг уржигдраас дахин сэргээлээ. Өмнө нь ОХУ-аас БНХАУ руу жил бүр хоёр сая гаруй тонн түүхий нефтийг манай улсын нутгаар дамжуулан тээвэрлэдэг байсан юм. Манай улс зах зээлийн хүнд үеийг даван туулахад төмөр замын транзит тээвэр ихээхэн тус дэм болсон гэж үздэг.
ОХУ-ын Наушкаас Сүхбаатар өртөөнд уржигдар өглөө 08.00 цагт ирсэн 48 вагон түүхий нефть ачсан галт тэрэг манай улсын нутгаар амжилттай аялж, өчигдөр 20.00 цагт Замын-Үүд өртөөнд очжээ. Манай улсын холбогдох албаныхан шуурхай үзлэг хийж, уг галт тэргийг 22.00 цагт Хятадын талд хүлээлгэн өгсөн байна. Энэ сарын эхээр ОХУ-аас БНХАУ руу 42 мянган тонн түүхий нефть ачсан 480 вагон бүхий 10 галт тэргийг манай улсын нутгаар дамжин өнгөрүүлэх захиалга өгчээ. Цаашдаа сар бүр 50 мянган тонн түүхий нефть ачсан галт тэрэг Монголоор дамжин өнгөрөх тооцоотой байна.
Он гарснаас хойш манай улсын нутгаар дамжин өнгөрөх тээврийн урсгал эрс нэмэгдсэн үзүүлэлт гарчээ. Өнгөрсөн онд 168 чингэлгийн галт тэрэг Монголын нутгаар зорчсон бол энэ оны эхний таван сарын байдлаар 120 чингэлгийн галт тэрэг дамжин өнгөрөөд байна. Өнгөрсөн сарын эхээр ЗТХЯ, УБТЗ хамтран Бээжин хотноо “Транзит Монгол-2017” форум зохион байгуулсан нь Ази, Европыг холбосон хамгийн дөт тээврийн коридорт тооцогддог манай улсын төмөр зам руу хөршүүдийнхээ анхаарлыг татаж, транзит тээвэр хийх сонирхлыг эрс нэмэгдүүлсэн юм.