Олон улсын валютын сангийн Захирлуудын зөвлөл манай улсад Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлэх, эсэхээ энэ сарын 24-нд хэлэлцэхээр товлосныг Сангийн сайд Б.Чойжилсүрэн өчигдөр мэдэгдлээ. Тус сангийн Захирлуудын зөвлөл өнгөрсөн сарын 28-нд манайд хөтөлбөр хэрэгжүүлэх, эсэхээ хэлэлцэхээр товлосон ч “Рио тинто” компанийн хүсэлтийн дагуу тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан.
“Рио тинто” компани УИХ-ын 29 дүгээр тогтоол дахь “Оюутолгой” компанийн хөрөнгө оруулалтын гүйлгээг Монголын банкуудаар дамжуулах гэсэн агуулгатай заалтыг эсэргүүцсэн юм. Улмаар УИХ гаргасан тогтоолынхоо уг заалтыг хассан билээ. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд төсвийн орлогыг нэмэгдүүлэх зөвлөмжийг ОУВС-гаас өгсөн. Ингэснээр 2017 оны төсвийг тодотгож, энэ сарын 1-нээс долоон төрлийн татварын хувь, хэмжээг нэмээд байна.
Автомашины онцгой албан татварыг нэмсэнтэй холбогдуулан хэрэгжүүлэх хугацааг нь долдугаар сарын 1 болгож хойшлуулахыг импортлогчид хүсээд буй. Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Автомашины онцгой албан татварыг нэмэх хугацааг хойшлуулах хүсэлтийг ОУВС-гийнханд хүргүүлсэн. Тодорхой хариу ирээгүй байна. Яагаад хойшлуулах хүсэлт гаргаснаа тэдэнд ойлгуулахад бэрхшээлтэй байгаа” гэв.
Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд ОУВС, олон улсын санхүүгийн байгууллага, хандивлагч орнуудаас нийт 5.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар тохирсон. Үүний хоёр тэрбум ам.доллар нь Хятадын Ардын банктай байгуулах юанийн своп хэлцэл байх аж. Тэгвэл ОУВС 440, Азийн хөгжлийн банк 900, Дэлхийн банк 600 сая ам.доллар зээлүүлэх гэнэ.
ОУВС болон Азийн хөгжлийн банкны зээлийн 600, Дэлхийн банкны зээлийн 440 сая ам.долларыг төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулах юм байна. Эдгээр зээл нь 15 жилийн хугацаатай, гурван хувийн хүүтэй байх аж. Үлдсэн 1.3 тэрбум ам.долларыг Япон, Солонгос зэрэг орноос хөтөлбөр хэрэгжүүлэх гурван жилийн хугацаанд авна гэж Б.Чойжилсүрэн мэдэгдэв.