Татварын ерөнхий болон дагалдах хуулиудыг шинэчлэх ажлын хэсгийг өнгөрсөн онд байгуулсан. Ажлын хэсгийнхэн хуулийг шинэчлэх эхний хувилбараа боловсруулж дуусчээ. Татварын ерөнхий болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг шинэчлэх юм байна. Тэгвэл Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан, Үл хөдлөх хөрөнгийн татварын тухай хуулийг шинээр батлуулах аж.
ААНОАТ, ХХОАТ-ын тухай хуульд Засгийн газар зарчмын өөрчлөлт хийх нь. Шинэ хуулийн төсөлд татвар төлөгчдийг орлогын хэмжээ, үйл ажиллагааных нь чиглэлээр дөрвөн сегментэд хуваахаар тусгажээ. Татварын тайлан хүлээж авах, хяналт шалгалт хийх, эрсдэл тооцох, зөвлөгөө өгөх гэх мэт үйл ажиллагааг сегмент бүрт ялгаатай байдлаар зохицуулах гэнэ.
Сегментийн стратеги, хэрэгжүүлэх төлөвлөгөө, үнэлэх шалгуур үзүүлэлтийг өнгөрсөн сард баталж, туршилтаар мөрдөж эхэлсэн байна. Нэг, хоёрдугаар сегментийн татвар төлөгчдийн тайлан гаргах үйл ажиллагааг хөнгөлж, хялбаршуулах аж. Тухайлбал, жижиг аж ахуйн нэгж улирал бүр татварын тайлан ирүүлэх шаардлагагүй, зургаан сард, эсвэл жилд нэг удаа хүргүүлэхээр зохицуулах нь.
Мөн татварын өр, дутуу төлсөн тохиолдолд хэрхэн барагдуулахыг ч ялгаатай байдлаар тусгах гэнэ. Одоо мөрдөж буй татварын хуулийн дагуу бүх аж ахуйн нэгжид нэг ижил шаардлага, шалгуур тавьж байгаа билээ.