-Багш нар хүүхдүүдэд гар хүрдэг байсан нь цагдаагийн шалгалтаар нотлогджээ-
Бидний дунд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс амьдарч буйг мартаж орхижээ. Тэр дундаа улсдаа ганц байдаг сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийг хүлээн авч сургадаг сургууль байгуулагдаад хагас зуун жил болж буй ч төгсөгчид нь нэгдүгээр ангийн хүүхдээс ч дор, уншиж, бичиж чадахгүй байгааг нийтээрээ саяхан мэдэв. Сайндаа ч биш, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн 29 дүгээр тусгай сургуулийн А, Б гэх хоёр сурагч хэсэг нөхдөө уриалан өнгөрсөн гуравдугаар сарын 27-нд хичээл хаяснаар тус сургуульд бугшсан асуудлууд нэг нэгээрээ сөхөгдөж эхэлснийг уншигчид мэдэж буй нь лавтай.
Багш нар дохионы хэлээр хичээлээ заадаггүй, хүүхдүүдэд гар хүрдэг, сургуульдаа архидан согтуурдаг, бэлгийн хүчирхийлэл үзүүлдэг зэрэг ноцтой асуудлыг хөндсөн нь БСШУСЯ, нийслэлийн Боловсролын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрынхныг хөдөлгөөнд оруулсан юм. Тус сургуульд нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрынхны хийсэн судалгаагаар сурагчдын 72 хувь нь багш нарынхаа заах арга зүйд сэтгэл хангалуун бус гэж дүгнэсэн бол ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртөж үзээгүй хүүхэд байхгүй байжээ. Тэдний 42 хувь нь сэтгэл санаа, 38 хувь нь үл хайхрах, 14 хувь нь бие махбодь, гурван хувь нь бэлгийн, мөн хувь нь эдийн засгийн хүчирхийлэлд өртсөн гэж хариулжээ. Энэ дундаас олон нийтийг сэртхийлгэсэн нь хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртдөг гэсэн хариулт юм. Тус сургуулийн багш нар өмгөөлөгч авч, тийм явдал гараагүй гэдгийг шүүх, цагдаагийн байгууллагаар нотлуулахаар болсон. Тэмцэл хийж энэ тухай ярьсан А-г өмгөөлөгчгүй байцаан, дарамталж буй талаар Монголын сонсголгүй иргэдийн холбооныхон мэдээлж байв. Хичээл хаясан сурагчдын тавьсан шаардлага, хэлсэн үг үндэслэлтэй, эсэхийг тогтоохоор цагдаагийн байгууллагынхан 20 гаруй хүүхдээс тайлбар, мэдүүлэг авсан гэнэ. 29 дүгээр сургуулийн багш нар хүүхдүүдийг зодож цохидог нь нотлогдсон хэдий ч бэлгийн хүчирхийлэлд өртүүлсэн нь тогтоогдоогүй гэж үзээд хэрэгсэхгүй болгох санал прокурорт гаргасан талаар нэгэн эх сурвалж хэлэв.
Өөртэйгөө ижил бэрхшээлтэй үе тэнгийнхэн, дүү нарынхаа өмнөөс дуугарч, цагдаагийн байгууллагад хэдэнтээ дуудагдан байцаагдсан А гэгч хүүд хууль зүйн туслалцаа үзүүлсэн Д.Арвинтариагаас шалгалтын явцын талаар тодруулахад “Би А-тай хамт Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст нэг л удаа очиж байцаалтад нь оролцсон. Шалгалтын явцын талаар тодорхой мэдээлэл алга” гэв.
Тэмцэл өрнүүлсэн хүүхдүүд сургалтын чанарыг сайжруулж, багш нарыг дохионы хэлээр хичээлээ чадварлаг заадаг болгохыг хамгийн түрүүнд шаардсан. Харамсалтай нь, манай улсад 1960-аад оны үед л дохионы хэлний багш нарыг Унгар, ОХУ-д бэлтгэж байж. Тэдгээр боловсон хүчин нь өдгөө тэтгэвэрт гарах насанд хүрсэн бөгөөд тэднээс хойш Монгол Улс дохионы хэлний мэргэжлийн багш бэлтгэсэнгүй. БСШУСЯ-наас гаргасан, нэн шаардлагатай 20 мэргэжлийн нэгд тусгай хэрэгцээт багшийг багтаажээ. Гэвч энэ мэргэжлийг эзэмшүүлэх сургууль байхгүй гэхэд хилсдэхгүй. МУБИС-д л тусгай хэрэгцээт багш бэлтгэх нэг жилийн сургалт байгааг эс тооцвол шүү дээ. Өдийг хүртэл тус сургалтыг 71 хүн төгссөн бөгөөд одоо 33 оюутан сурч буй аж. Гэвч энэ нь дутагдалтай байгаа орон тоог нөхөж чадахгүйг харьяа яамныхан нь хэлж байна. Сонсголын төдийгүй хөгжлийн бэрхшээлтэй бүх хүний, ялангуяа хүүхдүүдийн эрх ашиг ноцтой зөрчигдөж буйг хөндөж, энэ талаар ярих, хэлэх хүний тоог нэмж чадсан А болон Б нарт талархал илэрхийлэх нь зүйтэй. Тэдний тэмцэл үр дүнд хүрсээр байгааг дараах хүмүүсийн яриа нотлох болов уу. 29 дүгээр сургуулийн үүдээр ороход л уур амьсгал арай өөр болсон нь мэдрэгдэж байв. Хичээл хаяж, ярьж чадахгүй ч сурах, мэдэх эрхийнхээ төлөө зоригтой дуугарсан А хүү захирлынхаа өрөөнөөс гарч яваа харагдсан. Тэрбээр сургуулиа төгсөхөд анхаараад завгүй явааг захирлын үүрэг гүйцэтгэгч М.Сарантуяа учирлав.
БАЙР СУУРЬ
БЭЛТГЭЛ АНГИТАЙ БОЛОХООР ЯРЬЖ БАЙНА
М.САРАНТУЯА (29 дүгээр сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч): -Бүх багшийнхаа дохионы хэлээр заах чадварыг шалгаад гурван түвшинд ангилсан. Найман багш нь А түвшний буюу дохионы хэлний чадвар сайтай байв. Боловсролын хүрээлэнтэй хамтран хичээлийн сургалтын хөтөлбөрөө шинэчилсэн. Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчийн холбооноос багш нарт дохионы хэлний сургалт явуулж байгаа. Би анхан болон дунд шатны дохионы хэлийг багш нартаа заасан. Хичээлийн үйл явцад хяналт тавьж, хүүхдүүдээс санал асуулга авч байна. Хүүхдүүд маань тэмцэл хийснээс хойш ахиц гарч эхэлсэн гэцгээж байгаа. Гэхдээ сургалтын чанар гэнэт л сайжрахгүй. Сайжруулах гол ажлын нэг нь сургуулийн өмнөх боловсролд анхаарах. Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийг авдаг ганцхан цэцэрлэгтэй учраас хүүхдүүд тэр бүр сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж чадахгүй ирж байна. Үүнээс шалтгаалаад сурагчид монгол болон дохионы хэл сурах нь удаашралтай байгаа. 1990-ээд оноос хүүхдийг сул сонсголтой, дүлий, оюун ухааны эмгэгтэй, нас хэтэрсэн гэж ангилан сургадаг байлаа. Сүүлийн жилд ингэж ангилахаа больсноос хүүхдүүд өөр өөрсдийн түвшний боловсролыг эзэмшиж чадахгүй байна. Харин ирэх намраас сонсголын бэрхшээлтэй, сул сонсголтой, нас хэтэрсэн хүүхдүүд гэж ангилан сургахаар ярьж байна. Мөн бэлтгэл ангитай болох талаар хэлэлцэж байгаа. Тэмцэл хийсэн хүүхдүүд одоо ямар ч асуудалгүй, хичээлдээ үргэлжүүлэн сурч байна. Бид энэ талаар сөхөж ярьдаггүй.
ШАЛГАЛТАД ТЭНЦСЭН БАГШ НАРЫГ Л АЖИЛЛУУЛНА
Б.БАЯРСАЙХАН (БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга): -29 дүгээр сургуулийн багш нарын дохионы хэлний чадвар хангалтгүй байгаа нь манай яамны ажлын хэсгийн дүгнэлтээр үндэслэлтэй гэж тогтоогдсон. Тиймээс тус сургуулийн багш нарыг дохионы хэлний гүнзгийрүүлсэн сургалтад суулган, шалгалтад тэнцсэн багш нарыг л цаашид ажиллуулна. Мөн 29 дүгээр сургуулийн анги танхимыг бүгдийг нь камержуулна. Ингэснээр багш нар хичээлийн цагаа хэр зөв зүйтэй ашиглаж байна, ёс зүйн алдаа гаргаж, хүүхдүүдийг ялгаварлан гадуурхаж байгаа, эсэх гээд маргаан дагуулсан асуудлууд ил болох юм. 1964 онд байгуулагдсан, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн улсын цорын ганц сургууль өдий болтол гэрэлт дохиогүй байгаа нь харамсалтай. Энэ нь ерөнхий боловсролын сургуульд хонх дуугардаг шиг хичээл эхлэх, завсарлахад гэрлээр дохиж мэдэгдэхийг хэлж буй юм. Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн цор ганц цэцэрлэг болох 186-д 257 хүүхэд байгаагийн 57 нь хөгжлийн бэрхшээлтэй, бусад нь эрүүл хүүхэд байсан. Тиймээс дүүргийн Боловсролын газарт тус цэцэрлэгт зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд авахыг үүрэг болгосон. ХНХЯ, ЭМЯ, БСШУСЯ хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хуулийг хэрэгжүүлэх үндэсний хөтөлбөр боловсруулаад байна.
ЭЦЭГ, ЭХЧҮҮДЭД СУРГАЛТЫН ӨРӨӨ ГАРГАЖ ӨГНӨ ГЭСЭН
О.АМАРЖАРГАЛ (Сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбооны гүйцэтгэх захирал): -Хүүхдүүд хичээл хаяж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонсголын бэрхшээлтэй сурагчдын эрх зөрчигдөж буйг тасралтгүй мэдээлсний хүчинд 29 дүгээр сургуулийн удирдлага, багш нар олон удаа хурал цуглаан зохион байгуулж, сургалтад хамрагдаж эхэллээ. Үүний зэрэгцээ эцэг, эхчүүд бид зүгээр суулгүй, БСШУСЯ, нийслэлийн Боловсролын газарт албан бичиг хүргүүлсэн. Долоо хоногийн дараа бидэнд хариу өгөх юм. Хүүхдүүдийн ном, сурах бичгийг хангалттай хэвлэж өгөх, сургалтын арга зүйг сайжруулах, сонсголгүй иргэд, ийм бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхтэй уулзаж, хэлэлцүүлэг хийх гэсэн хүсэлт бүхий албан бичиг явуулсан. Мөн ганц багшид найдах бус, эцэг, эхчүүд бид хүүхдэдээ хичээлийг нь зааж өгөхийн тулд дохионы хэлийг илүү сайн сурах хэрэгтэй байгаагаа уламжилсан. Сургуулийн зүгээс бидэнд сургалтын өрөө гаргаж өгнө гэсэн. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын үздэг сурах бичгийг дохионы хэлээр зааж сургах боломжтой. Ирэх намраас нэгдүгээр ангиас нь ийм сургалт нэвтрүүлээсэй гэж хүсэж байна. Үнэндээ бол энэ жил болон өмнөх үеийн төгсөх ангийн хүүхдүүд золиос болоод өнгөрлөө.