“Би бэлгийн дарамтад ормоор байна. Надад олон бэлэг өгөөч”, “Өвлийн өвөө чинь бэлгийн дарамтлагч юм биш үү” гэх зэрэг хошин яриа сүүлийн хэд хоног сошиалд хүчээ авав. Энэ нь Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн 29 дүгээр тусгай сургуулийн захирал Б.Батсайхан “Бэлэг олон өгөхийг бэлгийн дарамт гэж ойлгоод байгаа юм” гэж телевизээр хээв нэг ярьснаас улбаатай. Тус сургуулийн сурагчдын эрүүл, аюулгүй орчинд сурч хөгжих, хамгаалуулах эрх зөрчигдөж, тэр ч бүү хэл багш нар нь сургуульдаа архи ууж, хүүхдүүдийг харааж загнан, зодож цохидог, цаашлаад сэтгэл санаа, бие махбодийн хүчирхийлэлд өртүүлдэг явдал илчлэгдсээр байгаа юм. Гэтэл харьяа яам нь тус сургуулийн удирдлага, багш нарын толгойг илээд л өнгөрсөн. “Багш нарын 47.6 хувь нь дохионы хэлээр хичээлээ заах ур чадвар хангалтгүй гэсэн дүгнэлт гарсан” гэсэн мэдээлэл өгснийг эс тооцвол шүү дээ. Харин өчигдөр нийслэлийн Засаг дарга С.Бат- болд 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайханыг 2017 оны дөрөв- дүгээр сарын 26-ны өдрөөр тасал- бар болгон үүрэгт ажлаас нь халсан захирамж гаргажээ. Уг захирамжтай холбогдуулж, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл нар өчигдөр мэдээлэл хийв. БСШУСЯ-наас тус сургуулийн үйл ажиллагаа болон удирдлага, багш нарын ур чадварыг шалгахад 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайхан нь мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон гэлээ. Захирлыг нь халах нэрээр сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн эрхийг хамгаалж, их ажил хийсэн мэтээр өөрсдийгөө харагдуулах гэсэн шоу болчихов уу даа. Нэмэгдэхүүний байрыг өөрчилсөн ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдэг шиг Б.Батсайхан захирлыг ажлаас нь халсан ч орных нь хүнийг онож томилохгүй л бол ялгаагүйг олон хүн хэлж байна. Гол нь элдэв шоу хийлгүй, хүүхдийн эрхийг дахин зөрчихгүйгээр сурч хөгжихөд нь туслах, дохионы хэлээр хичээлээ заадаг багш нараар бүрэн хангах асуудлыг хэн хариуцах вэ гэдэг л чухал байна. Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн 29 дүгээр сургууль нь улсдаа ганц учраас олон улсын хандив тусламжаас эхлээд өгөөж ихтэй гэдэг. Үүнээс нь завших сонирхолтой хүмүүс л удирдлагаар нь очдогоос ярьж, сонсож чаддаггүй хүнийг ойлгох, хөгжүүлэх чин сэтгэлтэй хүн байдаггүйг төгсөгчид нь хэлдэг. Сонсголын бэрхшээлтэй хүнээр ч удирдуулахад болохгүй гэх газаргүй гэдэг юм билээ.