Автомашины үнэ сүүлийн сард 0.5-2 сая төгрөгөөр өссөнийг “Да хүрээ” авто худалдааны төвийн ченжүүд дуулгав. “Автомашины импортын онцгой албан татварыг нэмснээр иргэд суудлын тэрэг худалдан авах нь ихэслээ. Нэг талаас татварын хувь хэмжээг өсгөсөнтэй, нөгөөтэйгүүр иргэдийн эрэлт нэмэгдсэнтэй холбоотой” гэж тэд тайлбарлаж байлаа.
Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 4500 см кубээс доош хөдөлгүүрийн багтаамжтай суудлын автомашинд үйлдвэрлэсэн оноос нь хамааруулан, 3-15 хувь буюу 25.000-2.275.000, 4501 см кубээс дээш хөдөлгүүрийн багтаамжтайд нь 40-250 гаруй хувь буюу 4-47 сая төгрөгийн татвар ногдуулах юм.
Мөн цахилгаан хөдөлгүүрт болон хийгээр ажилладаг автомашины онцгой албан татварыг тэглэсэн байсныг 50 хувиар хөнгөлөв. Ингэснээр үйлдвэрлэсэн оноос нь хамааруулж, 375.000-6.675.000 төгрөгийн татвар төлүүлэх аж.
“Да хүрээ” худалдааны төвд “Prius-20” загварын машин 11-12 сая төгрөгийн үнэтэй байлаа. Уг машин жилийн өмнө найман сая төгрөгийн үнэтэй байсан юм. Гадаад валютын ханш чангарснаас шалтгаалж, суудлын жижиг тэрэгний үнэ өнгөрсөн оны мөн үеэс 1-2 сая төгрөгөөр өссөн бол татварыг нь нэмснээр улам хөөрөгджээ.
Тус захад “Prius-10” зургаа, “Prius-11” долоо, “Prius-30” 17, “Prius-41” загварын машин ойролцоогоор 19 сая төгрөгийн үнэтэй байв. Түүнчлэн “Premio”, “Allion” загварын машин үйлдвэрлэсэн он, импортолсон хугацаа зэргээс хамаарч, 8-17 сая төгрөгөөр зарагдаж байлаа. Мөн “Land cruiser-100” 20-30, “Land cruiser-200” 80-100, “Lexus-470” загварын машин 40-45 сая төгрөгийн үнэтэй байв.
Татварыг өсгөснөөр “хөгшин” автомашин импортлох боломжгүй болж байна гэж ченжүүд ярилаа. Тухайлбал, татвар тогтоосноор 2007 онд үйлдвэрлэсэн “Prius-20” загварын машины импортын онцгой албан татвар 2.8 сая төгрөг болж байгаа аж.