“Ард санхүүгийн нэгдэл” компани “Хөрөнгө оруулагч үндэстэн” чуулга уулзалтыг өнгөрсөн амралтын өдрүүдэд “Корпорэйт” зочид буудлын “Convention centеr” танхимд зохион байгуулав. Чуулга уулзалтад 1150 хүн оролцсон гэсэн мэдээллийг зохион байгуулагчид өгч байна. Оролцогчдын 70 орчим хувь нь 25-35 насныхан гэдгийг мөн тэд мэдээллээ.
Үнэхээр ч “Convention center” ажил хэрэгч залуусын хөлд дарагдаж өнжсөн юм. Уг чуулганы “Иргэдийн санхүүгийн боловсрол ба эдийн засгийн сэтгүүлчдийн оролцоо” хэлэлцүүлэгт зочноор оролцсон “Eagle news” телевизийн тоймч Ц.Ганзориг “Би хамгийн олон залуу оролцсон чуулганыг анх удаа харж байна” гэж ярив.
“Дижитал зах зээл дэх старт -ап бизнесүүд”, “Өмч хувьчлал Монголд: Боломжууд ба өнгөрснөөс авах сургамж”, “Технологи ба дижитал хувьсгал”, “Амжилттай хөрөнгө оруулалтын нууц ба зөвлөгөө” зэрэг сэдвээр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар, Б.Жавхлан, Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайд, эдийн засагч Р.Амаржаргал, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, “Датаком”-ын гүйцэтгэх захирал Д.Энхбат, “What3word” компанийн гүйцэтгэх захирал Крис Шелдрик, “Хуур мьюзик” группийн захирал С.Дөлмандах нарын зочид сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүллээ.
Бизнесээ хөл дээр нь босгосон, эсвэл шинэ санаагаа хэрэгжүүлэхээр шаргуу хөдөлмөрлөж буй хүмүүсийг чуулганы хэлэлцүүлэгт оролцуулж, бизнесийн амжилт, шинэ санаачилга, хөрөнгө оруулалтынх нь тухай бодит жишээн дээр үндэслэн яриулсан нь оролцогчдын анхаарлыг татаж байв.
Тухайлбал, “Амжилттай хөрөнгө оруулалтын нууц ба зөвлөгөө” хэлэлцүүлгийн үеэр “Заг” группийн ерөнхий захирал Б.Нэмэхбаатар Техник, технологийн дээд сургуульд хийсэн хөрөнгө оруулалтынхаа талаар ярьсан юм. Тэрбээр ямар ч мөнгөгүй үедээ Техник, технологийн дээд сургуулийг хувьчлах тендерт оролцохоор шийджээ.
Барилгын компанийнхаа зуны улиралд олсон 200 сая төгрөгийн ашгаар тендерийн дэнчингээ төлсөн байна. Ингээд “Ард санхүүгийн нэгдэл”-ийн захирал Ч.Ганхуягтай хамтран 1.8 тэрбум төгрөг “босгож”, уг сургуулийг хувьчлан авчээ. Улмаар зургаан сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэнэ.
Б.Нэмэхбаатар “Манайх одоо барилгын салбарын мэргэжилтэн бэлтгэдэг жишиг сургууль болсон” гэв. Тэрбээр “Хөрөнгө оруулалт хийхэд зорилгоо тодорхойлох ёстой. Миний зорилго барилгын салбарын чадварлаг мэргэжилтэн бэлтгэх байсан. Зөв хамтрагчаа олж, харилцан итгэлцэх нь хөрөнгө оруулалт хийхэд онцгой чухал” гэв.
Тэгвэл “Монполимет” группийн ерөнхий захирал Н.Мөнхнасан “Хөрөнгө оруулалт хийхдээ зөвхөн ашиг олохын төлөө бус, амьдарч байгаа нийгэмдээ ямар үр өгөөжтэй байхыг нь сайтар бодолцох ёстой” гэсэн нь Б.Нэмэхбаатар захирлын хөрөнгө оруулалтын зарчимтай адил байлаа.
Долоон тэрбум ам.долларын хөрөнгөтэй “ADVEQ Holding AG” сангийн гүйцэтгэх захирал Бруно Рашле чуулганы хүндтэй зочин байв. Тэрбээр хөрөнгө оруулалт хийхдээ “Та юуг голлон анхаардаг вэ” гэсэн асуултад “Тухайн компанийн менежмент хамгийн чухал. Мөн хөрөнгө оруулалт хийх зарчмаа тодорхойлох ёстой” гэж хариуллаа.
Хөрөнгө оруулалт хийхэд хүнтэй хамтарч ажиллана, тухайн компанийн менежментийг хүн хийх нь дамжиггүй. Хэлэлцүүлгийн зочид хамтрагчаа таних, нийгэмдээ үр өгөөжтэй хөрөнгө оруулалт хийхийг залууст ийн зөвлөсөн юм.
“Хөрөнгө оруулагч үндэстэн” чуулга уулзалтад оролцогчдод “Анд системс” компанийнхан барьцаагүйгээр, таван минутад зээл олгох “lendmn” төслөө танилцуулав. Монгол инженер, мэргэжилтнүүдээс бүрдсэн баг 2014 оноос санхүүгийн үйлчилгээг олон хүнд өртөг багатай хүргэх технологийн шийдлийг боловсруулж эхэлжээ.
Улмаар гар утасны аппликэйшнээр дамжуулан зээл олгох программ боловсруулсан байна. Өөрөөр хэлбэл, “Lendmn” аппликэйшнийг гар утсандаа суулгасан хүн тэднийх рүү зээлийн хүсэлт илгээж болох аж. Гэхдээ хүссэн хүн бүрт зээл олгохгүй нь мэдээж.
Тэд зээлдэгчийн итгэл даах, эсэхийг нь “хиймэл оюун ухаан”-ы тусламжтайгаар тодорхойлох аж. “Хиймэл оюун ухаан” таныг итгэл дааж, зээлээ эргүүлэн төлөх хүн гэж тодорхойлбол санхүүгийн тулгамдсан асуудлаа богино хугацаанд шийдэх нөхцөлийг тэд бүрдүүлжээ. Цаашдаа хүүгүй лизинг, даатгалын үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэхээр тэд ажиллаж байгаа гэнэ.
Чуулганы “Хоёрдогч орлогын эх үүсвэр” хэлэлцүүлэгт зочноор оролцсон “Wagner Asia Automative” компанийн захирал Гаррэт Вилсон “Хамгийн чухал нь эрсдэлээ тодорхойлох. Хөрөнгө оруулалт хийхдээ эрсдэл даах чадвар, санхүүгийн зорилтоо тодорхойл. Хэрэв чиний санхүүгийн зорилт их байвал өндөр эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийхээс өөр аргагүй” гэж залууст зөвлөлөө.
Мөн тэрбээр орлогын эх үүсвэрээ төрөлжүүлж, аль болох олон зүйлд хөрөнгө оруулахыг сануулсан юм. Монгол хэлийг маш сайн сурсан Гаррэт Вилсон геологийн өрөмдлөгийн компанид хөрөнгө оруулжээ. Маш олон хайгуулын лицензийг Засгийн газраас цуцалснаар хөрөнгө оруулсан компанийнх нь үйл ажиллагаа зогссон байна.
Тэрбээр “Би олон төсөлд хөрөнгө оруулсан. Тиймээс өрөмдлөгийн компанийн маань үйл ажиллагаа зогссон ч миний амьдрал хямраагүй байна” гэлээ. Томужин академийн гүйцэтгэх захирал Б.Батжин “Зоригтой бай. Мэдлэг дутвал сурах зоригтой бай. Өөрөө сурчихаад өмнөх ажлаа хийж чадна гэсэн зорилготой бай. Зүтгэж байгаад хийх хэрэгтэй” гэж зөвлөв.
Тэгвэл “Нэг зүйлийг сайн хийгээд мэргэших тусам та үнэтэй болдог. Дуртай зүйлээ хий. Гэхдээ үндэснийхээ эрх ашигтай харшлахгүй зүйл хийх хэрэгтэй” гэж KPMG компанийн ахлах зөвлөх захиж байлаа.
“Хөрөнгө оруулагч үндэстэн” чуулга уулзалтын “цаг агаар” бүхэлдээ залууст шинэ санаа өгөх, хөрөнгө оруулалт хийхэд сэдэлжүүлэхэд чиглэж байсан юм. Чуулганд оролцогч Б.Гэрэлмаа “Залууст шинэ санаа өгсөн, бусдын туршлагаас сургамж авах, мэдлэгээ өргөжүүлэх сэдэл өгсөн чуулган болж байна” гэж дүгнэв.
Тэгвэл уг чуулганыг санаачлагч “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг “Залуус хийж бүтээх, бизнес эрхлэх, хөрөнгө оруулагч болох тэмүүлэлтэй байгаа нь энэ чуулганаас харагдлаа” гэв. Тэд энэхүү чуулга уулзалтыг уламжлал болгон зохион байгуулах гэнэ.