Бизнес эрхлэгч залуусын чуулга уулзалт өчигдөр Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд боллоо. Уг чуулганыг “Эдийн засагт залуусын оролцоо” сэдвээр зохион байгуулсан бөгөөд бизнес эрхлэгч залуусыг нэгтгэх, нийгэм, эдийн засгийн оролцоог нь өсгөх, бизнесээ тогтвортой өргөжүүлэх боломж олгох зорилготой аж.
Энэ арга хэмжээнд 150 орчим хүн оролцож, саналаа нэгтгэн Монголын эдийн засгийн форумд хүргэх гэнэ. Уулзалтад оролцогчид манай санхүүгийн зах зээлд хөрөнгийн эх үүсвэр дутмаг, зээлийн хүү хэт өндөр байгааг шүүмжилж байв. Тиймээс банкны бус зах зээлийг хөгжүүлэх шаардлагатайг онцолсон. Мөн төрөөс татвар, нийгмийн даатгалын уян хатан бодлого хэрэгжүүлж, урамшуулах систем бий болгох хэрэгтэй гэлээ.
“Mebel art” компанийн захирал Б.Мөнх-Эрдэнэ “Гарааны бизнес эрхлэгчдэд татвар ногдуулж буй нь хүнд байгаа. Манай улсад гадаадын компани үйл ажиллагаа явуулахад эхний таван жилд нь татвараас чөлөөлдөг. Тиймээс залуу бизнес эрхлэгчдээ дэмжиж, татвараас тодорхой хугацаагаар чөлөөлөх хэрэгтэй гэж бодож байна” хэмээн ярив.
Мөн “Softline Asia” компанийн гүйцэтгэх захирал Б.Солонго “Бизнес дэх эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвээр илтгэл тавьж, эмэгтэйчүүд нийгэм дэх үүрэг, оролцоогоо нэмэгдүүлэх хэрэгтэйг онцоллоо.