Дархан, Сэлэнгийн бүсэд хар төмөрлөгийн цогцолбор байгуулах төсөл хэрэгжүүлж буй. Энэ төслийн ТЭЗҮ-ийг Дэлхийн банкны “Уул уурхайн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл”-ийн санхүүжилтээр Канадын “Hatch”, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг манай улсын “Экотон” компани гүйцэтгэж байгаа юм. ТЭЗҮ болон байгаль орчин, нийгмийн үнэлгээний эцсийн тайланг ирэх сард хүлээж авах аж.
Хар төмөрлөгийн цогцолборын ТЭЗҮ-д тусгаснаар нийт төсөвт өртөг нь 700 сая ам.доллар байх гэнэ. Төслийг Дархан-Уул аймгийн Дархан суманд хэрэгжүүлэх бөгөөд 2019 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Хар төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, цувимал бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг бүрэн хангах зорилготой уг цогцолборыг ашиглалтад оруулснаар жилд 500 мянган тн шууд ангижруулсан төмөр, 350 мянган тн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм.