2016-2017 оны хичээлийн жилд улсын хэмжээнд Ерөнхий боловсролын дунд сургуулийг 37 мянга гаруй сурагч төгсөнө. Аливаа хүний ирээдүйд сайн сайхан амьдрах баталгаа нь оновчтой мэргэжил сонголтоос шууд шалтгаална.
Тиймээс төгсөх ангийн сурагчдад мэргэжил сонголтын талаар арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аяныг үндэсний хэмжээнд амжилттай зохион байгуулж байна.
Тус аян Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Налайх, Багахангай дүүргүүдэд зохион байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар нийт ЕБС-ийн 60 сургуулийн 4500 гаруй сурагч хамрагдаж мэргэжил сонголтын талаар зөвлөгөө мэдээлэл авч, өөрсдийн санал бодлоо хуваалцжээ. "Ирээдүйн эзэд" аян маргаашнаас Хан-Уул дүүргийн 15 дугаар дунд сургуульд үргэлжилнэ.