Коксжих нүүрсний ханш өнгөрсөн пүрэв гаригт 4.6 хувиар өсөж, тонн нь 314 ам.доллартой дүйн, сүүлийн зургаан жилийнхээ дээд түвшинд хүрснийг mining.com-д тэмдэглэжээ. Австралийн Күинслэнд мужийг Дэбби хар салхи дайрч, төмөр замын дөрвөн сүлжээг засварлах шаардлагатай болсноос шалтгаалж уг таваарын үнэ өсөж буй талаар бид өмнө нь мэдээлсэн.
Ер нь сүүлийн хоёр долоо хоногт гэхэд коксжих нүүрсний ханш хоёр дахин өссөнийг эдийн засагчид онцолж байна. Хэдийгээр Күинслэндэд төмөр замын сүлжээнүүдийг өмнөх долоо хоногийн эцэст нээсэн ч хамгийн гол нь болох “Goonyella”-г засахад дөрвөн долоо хоног шаардлагатай аж. Улмаар Хятад, Энэтхэг, Японд нийлүүлэх Австралийн 12-13 сая тонн нүүрсний тээвэрлэлт саатаж буй гэнэ.
Сонирхуулахад, Хятадын хүрэн болон коксжих нүүрсний импорт гуравдугаар сард өнгөрсөн жилийн мөн үеэс 12.2, хоёрдугаар сарынхаас 25 хувиар өсөж, 22.1 сая тоннд хүрсэн байна.