Монголбанк үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” компанитай хамтран орон сууцны үнийн индексийн гуравдугаар сарын дүнг өнгөрсөн баасан гаригт танилцууллаа. Уг судалгаагаар орон сууцны үнийн индекс 1.01 хувьтай гарчээ. Энэ нь жилийн өмнөх үеэс 3.3 хувиар буурсан дүн юм.
Шинэ орон сууцны үнийн индекс жилийн өмнөх үеэс 0.6, хуучных 6.1 хувиар доошилсон байна. Уг үзүүлэлтийг 2013 оны эхнээс тооцож эхэлсэн бөгөөд орон сууцны үнэ 2014 оны сүүл үеэс хямдарч эхэлсэн юм. Мөн орон сууцны үнэ буурах үзэгдэл одоо ч үргэлжилсээр байгааг уг судалгаанд онцолсон байна.
Тухайлбал, шинэ орон сууцны ам.метрийн үнэ хоёр сая 45 мянган төгрөг болж, өмнөх сараас 0.3 хувиар хямдарсан бол өнгөрсөн оны мөн үеэс 0.2 хувиар өсчээ. Шинэ орон сууц Сүхбаатар дүүрэгт хамгийн үнэтэй (ам метр нь 2.7 сая), Сонгинохайрханд хамгийн хямд (ам метр нь 1.6 сая) байна. Харин хуучин хоёр өрөө байрны дундаж үнэ 73 сая төгрөг болж, өмнөх сараас 0.4 жилийн өмнөх үеэс 9.6 хувиар тус тус буурчээ.
Мөн хуучин хоёр өрөө байрны үнэ Сүхбаатарт өндөр, Сонгинохайрханд хямд байна. Уг судалгаанд өнгөрсөн сард зах зээлд нийлүүлсэн шинэ, хуучин 4900 орон сууцны үнийг хамруулсан аж.