Хүүхдийг багаас нь мэндлэх, хүндлэх ёсонд сургах, зөв хүн болгож төлөвшүүлэх зорилгоор Баянгол дүүргийн ЗДТГ-аас “Зөв мэндчилж сурцгаая” аян өрнүүлжээ. Тус дүүргийн бүх цэцэрлэг, сургуулийн хүүхэд багачуудыг хамруулсан уг аян нэгдүгээр сард эхэлсэн байна. Аянд хамрагдсан цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд өглөө хичээлдээ ирэхдээ сургуулийн жижүүр, үйлчилгээний ажилтан, багш, эцэг, эх, захирал гээд хэн ч байсан зөв мэндэлж, харилцаж сурчээ.
Мөн мэндэлнэ гэдэг нь бүтэн өгүүлбэрээр, түр саатаж байгаад, тухайн хүнээ хүндлэх учиртай гэдгийг багачууд сайн ойлгосон аж. Баянгол дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн боловсрол хариуцсан мэргэжилтэн Б.Ариунтунгалаг “Монголчууд эртнээс хүүхдэдээ мэндлэх, хүндлэх, талархах, хориглох, цээрлэх, өргөмжлөх, бэлгэшээх ёсыг зааж ирсэн.
Ингэснээр зөв хүн болон төлөвших үндэс, суурь тавигддаг. Гэтэл өнөөгийн нийгэмд тийм зүйл дутагдаж буй. Хүүхдүүд бүтэн өгүүлбэрээр мэндлэх нь битгий хэл сургуулийн захирал, багшаасаа өөр хүнтэй харилцдаггүй. Тиймээс хүүхдийг багаас нь мэндлэх ёсонд сургах ажлыг манай дүүрэг эхлүүлээд хоёр сар гаруй болж байна. Аяны хүрээнд дүүргийн цэцэрлэг, сургуулиудад удирдамж хүргүүлсэн. Энэ дагуу олон цэцэрлэг, сургуулийнхан аянд идэвхтэй оролцлоо.
Тэдгээрийн 50-иад байгууллагад талархал гардуулж, хоёр цэцэрлэг, хоёр сургуулийн тус тус хоёр ангийг шагнасан. Шилдгээр тодорсон хоёр сургуулийн хоёр ангийн сурагчид олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд амрах эрх авлаа. Харин цэцэрлэгийнхэнд хэрэгцээтэй зүйлийг нь өгөөд байна.
Уралдаан зохион байгуулж, шагнахдаа гол нь биш хүүхдүүдийг зөв үйлдэл хийж сурсных нь төлөө урамшуулсан юм. Аяны дүнд хүүхдүүд хэнтэй ч зөв, бүтэн өгүүлбэрээр мэндчилж сурсан. Мөн ахмад хүнийг хүндэлж, ярьж сурсан. Зөв, төлөвшсөн иргэдийг бэлтгэх “Зөв мэндчилж сурцгаая” аян цаашид үргэлжилнэ” гэв.