“Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” олон улсын үзэсгэлэн, хурал энэ сарын 20, 21-нд “Шангри-Ла”-д болох нь. Таван салбарыг нэг дор хамруулсан, анхны үзэсгэлэн, хурлыг “Би Эм Монголиан партнерс” компани санаачилсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар дэмжин, хамтран зохион байгуулж буй гэнэ.
Түүнчлэн “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” дэмжин оролцож байгаа аж. Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Бат-Эрдэнэ “Эдийн засгийн голлох таван чиглэлийг хамран хэлэлцэхээрээ энэ хурал, үзэсгэлэн онцлогтой. Технологид суурилсан хөрөнгө оруулалт татах нь ач холбогдолтой учраас бид дэмжин, оролцож байгаа. Үзэсгэлэнгийн үеэр Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн болон Налайхын барилгын материал үйлдвэрлэл, технологийн парк зэрэг зураг төсөл нь бэлэн болсон төслийг хөрөнгө оруулагчдад танилцуулна” гэж тодотгов.
Мөн “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” компанийн гүйцэтгэх захирал С.Сод-Эрдэнэ “Улаанбаатарт түгжрэл, агаар, хөрсний бохирдол гээд олон асуудал тулгарч байгаа. Тэдгээрийг шийдвэрлэхэд 20 гаруй тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо бий тул уг хурал нь ихээхэн ач холбогдолтой” хэмээн өгүүлэв.
Тус үзэсгэлэн, хурлыг санаачлагч, “Би Эм Монголиан партнерс” компанийн ерөнхий захирал Ж.Мядагмаагаас зарим зүйл тодрууллаа.
-Хурлыг яагаад зохион байгуулах болов?
-Аливаа улсын хөгжлийг технологи хурдасгадаг. Технологи нь хөрөнгө оруулалт, санхүүжилттэй холбоотой байдаг тул хамтад нь хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн.
Энэхүү үзэсгэлэн, хуралд ХБНГУ, Австри, Швейцарь, Австрали, Франц, Өмнөд Африкийн уул уурхай, барилга, хот төлөвлөлт, сэргээгдэх эрчим хүч, нисэх, хөдөө аж ахуй, мах, сүү боловсруулах чиглэлийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн, нэр хүндтэй компаниуд оролцоно.
-Ямар технологийг голчлон танилцуулах вэ?
-Хог хаягдал ангилан ялгах, явган хүнд зориулсан замын хавтан, хашлага үйлдвэрлэх зэрэг технологийг танилцуулна. Хуурай аргаар нүүрс баяжуулах дэлхийн хамгийн том үйлдвэр барьсан ХБНГУ-ын “Allmineral”, ашигт малтмал баяжуулах тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг “Штайнерт Австралиа”, нүүрс, зэс баяжуулахад гарах их хэмжээний хаягдал усыг шүүн, үйлдвэрлэлд дахин ашиглах боломжтой төхөөрөмж нийлүүлдэг “Андрец” компанийн төлөөлөл ирнэ.
Мөн Швейцарь, Австри, Сингапур, Хонконгийн банк санхүү, хөрөнгө оруулалтын салбарын хүмүүс оролцохоо албан ёсоор мэдэгдээд байгаа. Ер нь гадаадын компаниудын 40 гаруй төлөөллөөс гадна дотоодын уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг гол салбарын томоохон аж ахуйн нэгжүүд оролцоно.
Сингапурт төвтэй, уул уурхайн, тэр дундаа алтны төслүүдэд хөрөнгө босгох, олон улсын зах зээлд Монголын компаниуд гарахад мэргэжлийн зөвлөгөө өгдөг компанийн төлөөлөл Хөрөнгө оруулалтын салбар хуралдаанд илтгэл тавина. Хөрөнгө оруулагчидтай уулзалт зохион байгуулах боломж олгох үзэсгэлэн, хурал нь сонирхсон аж ахуйн нэгжүүдэд нээлттэй. Цаашид жил бүр үүнийг зохион байгуулахаар бид төлөвлөж байна.