Гадаадад суралцаж, мэргэжил эзэмшин, эх орондоо хэрэгтэй мэргэжилтэн болох хүсэлтэй оюутан, сурагч олон бий. Гэвч тэд тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдахаа тэр бүр мэддэггүй. Тиймээс мэдлэгт тань дусал нэмэхээр манай улсад хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн талаар хүргье.
Монгол Улсад 18 орны тэтгэлэгт хөтөлбөр хэрэгждэг. Энэ жилийн хувьд Польш, Болгар, Вьетнам, Лаос, ОХУ, БНХАУ, Унгар, БНСУ, Турк улсад бакалавр, магистр, докторт суралцуулах 10- аад хөтөлбөр зарлажээ. Одоогоор БНСУ-ын ILWOO сангийн тэтгэлгээр бакалавр, магистрантурт суралцуулах хөтөлбөр бүртгэлээ эхлэх гэж байна.
Монгол, Солонгосын найрамдалт харилцаа, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулах, шинэ, залуу боловсон хүчин бэлтгэх зорилгоор БНСУ-ын ILWOO сангийнхан улсынхаа их, дээд сургуулиудад 2017-2018 оны хичээлийн жилд байгалийн ухаан, инженерийн чиглэлээр таван оюутан бакалаврт суралцуулах гэнэ.
Тус улсын Засгийн газрын болон бусад орны сонгон шалгаруулалтад тэнцэж, материал нь хүргэгдсэн иргэдийг уг хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад оруулахгүй аж. Хэрэв та хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл Монгол Улсын иргэн байх ёстой.
Мөн Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн I, II курст 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй сурч байгаа, энэ оны зургадугаар сарын 1-ний байдлаар 25-аас доош настай, англи хэлний сайн мэдлэгтэй, бие бялдар, оюун ухааны хувьд эрүүл, гэрлээгүй байхад болох гэнэ.
Дээрх шаардлагад нийцсэн хүмүүс энэ сарын 19, 20-ны 10.00-17.00 цагт МУИС-ийн I байрны оюутны алба, 219 тоот танхимд очиж, бүртгүүлэх боломжтой.
Бүртгүүлэхдээ анкет, товч танилцуулгаа бэлдсэн байхаас гадна тангаргын бичиг, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралт, их, дээд сургууль, коллежийн I, II курсийн дүнгийн тодорхойлолт, иргэний үнэмлэх зэргийг нотариатаар баталгаажуулсан хуулбар, эх хувь, албан ёсны орчуулгын хамт, хэрэв англи, солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгсөн бол баримтын эх хувь (2015 оны тавдугаар сарын 15-наас хойш олгогдсон), сүүлийн нэг жилийн дотор авахуулсан 4х5 хэмжээтэй хоёр хувь цээж зураг, хураамжийн 15.000 төгрөгтэй очих ёстой. Материалаа дутуу буюу буруу бүрдүүлсэн, бүртгэлийн хугацаанаас хоцорсон бол бүртгэхгүй гэдгийг сайтар анхаараарай.
Сонгон шалгаруулалтыг бичгийн шалгалт (англи хэл, математикийн тест) болон ярилцлагаар авна. Англи хэлний TOEFL IBT 83, TOEIC 800 онооноос дээш, Солонгос хэлний TOPIK-ийн гурав буюу түүнээс дээш түвшний мэдлэгтэй хүн англи хэлний шалгалтаас чөлөөлөгдөх боломжтой. (Хэлний мэдлэгийн түвшин батлах сертификатаа сүүлийн хоёр жилийн дотор авсан байх шаардлагатай) Бичгийн шалгалт энэ сарын 21-ний 11.00 цагт эхэлнэ.
Шалгалтад тэнцсэн оюутнууд наймдугаар сарын 1-нээс Улаанбаатар хотод солонгос хэлний бэлтгэлд хамрагдан, 2018 оны хоёрдугаар сард түвшин тогтоох шалгалт өгч, тэнцвэл дараа жилийн гуравдугаар сарын 1-нээс эхлэн БНСУ-ын их, дээд сургуульд суралцах эрхтэй болно. Оюутнуудын сургалтын болон эрүүл мэндийн даатгалын төлбөрийг хөтөлбөр зарласан ILWOO сан хариуцаж, сар бүр амьжиргааны тэтгэлэг олгох юм байна.