Дэлхийн банкнаас Зүүн Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн төлөвийн тайлан гаргажээ. Тус бүс нутгийн хөгжиж буй орнуудын эдийн засаг энэ онд 6.2, 2018 онд 6.1 хувиар өснө гэж тэд төсөөлж байна. Мөн бусад орны эдийн засаг 2017 онд тав, 2018 онд 5.1 хувиар өснө гэж таамаглаж буй юм.
Дэлхийн эдийн засаг алгуур сэргэж, Зүүн Ази, Номхон далайн бүс нутагт эрэлт харьцангуй сайн байгаа аж. Энэ нь эдийн засаг ирэх жилүүдэд тогтвортой өсөхөд нөлөөлөх гэнэ. АНУ бодлогын хүүгээ өсгөх нь ам.долларын урсгалыг сааруулж, эрсдэл учруулж болзошгүй аж. Гэвч бүс нутгийн эдийн засагт хэрхэн сөргөөр нөлөөлөхийг Дэлхийн банкныхан одоогоор тодорхойлж чадаагүй байна. Бодлогын хүүгээ өсгөсөн шийдвэрийн нөлөө хожим гарах тул эрсдэлээс сэргийлж амжина гэж тэд үзжээ.
Түүнчлэн том эдийн засагтай, хөгжингүй орнууд даяарчлалаас зугтаж эхэлсэн нь худалдааны хэмжээг бууруулах магадлалтай аж. Геополитикийн эрсдэл ч отож байгааг тэд сануулав. Тайланд Хятадын эдийн засаг 2017 онд 6.5, 2018 онд 6.3 хувиар өснө гэж дурджээ. Хятад бүсийн нутгийн том эдийн засагтай орон агаад түүхий эдийн гол худалдан авагч. Өмнөд хөршийн төрийн өмчит компаниудын өр дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 170 хувьтай тэнцсэн байна.
Улмаар төрийн өмчийн шинэчлэл хийж буй нь эдийн засгийг нь бага зэрэг сааруулна гэж Дэлхийн банкныхан тооцжээ. Хятадын эдийн засгийн өсөлт саарах нь тэднийд түүхий эд нийлүүлж орлого олдог Монгол Улсад хохиролтой тусдаг. Гэвч манай улсын экспортын нэг гол бүтээгдэхүүн болох нүүрсний үнийг ирэх жилүүдэд аажмаар өснө гэсэн таатай мэдээг Дэлхийн банкныхан дуулгав.
Дэлхийн зах зээлд зэс, алт, нүүрсний үнэ өсөж, “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалт эрчимжиж байгаа ч Монгол Улсын эдийн засаг 2017 онд 0.2 хувиар буурна гэж тэд тооцжээ. Азийн хөгжлийн банкныхан Монгол Улсын эдийн засгийг 2.5 хувиар өснө гэж таамагласан. Таамаглал яагаад зөрүүтэй байгаа талаар лавлахад, Дэлхийн банкны ахлах эдийн засагч Тае Хиун Ли “Тооцож буй аргачлалаас шалтгаалсан байх. Бид хамгийн бодитой үзүүлэлтүүдийг суурь болгож авсан” гэж хариулав.
Харин тэд ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн урт хугацаатай, бага хүүтэй зээлийг авснаар ирэх жил Монголын эдийн засаг 1.9, 2019 онд найман хувиар өснө гэж таамаглаж байна. Дэлхийн банкныхан Монгол Улсын эдийн засаг 2017 онд бүс нутагтаа сүүл мушгихыг ийнхүү танилцууллаа.
Хятад, Индонез, Малайз, Филиппин, Тайланд, Вьетнам, Камбож, Лаос, Мьянмар, Фижи, Папуа шинэ Гвиней, Соломоны арлууд, Зүүн Тимор, Монгол нь Зүүн Ази, Номхон далайн бүсийн хөгжиж буй орнууд юм. Тэгвэл манайхаас бусад хөгжиж буй орны эдийн засаг 3.2-6.5 хувиар өсөх таамаглал дэвшүүлжээ.