Монгол Улсаас Бээжинд суугаа Элчин сайдын яаманд өнгөрсөн 11-нд “Монгол Улс, БНХАУ-ын барилга, хот байгуулалтын хөрөнгө оруулалт-2017” чуулга уулзалт боллоо. Энэ үеэр төрийн бус байгууллагууд болон найман компани хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуржээ. Хятадын “Boise home technology” компани нь тансаг зэрэглэлийн угсармал модон барилгын дулаалга хийхэд зориулан “Монгол базальт”-аас 1.5 сая ам.долларын эрдэс чулуун хөвөн худалдаж авахаар болсон байна. Чуулганд оролцогсод “Олон улсын чанар стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр Монгол орны экспортыг нэмэгдүүлсэн бодит алхам боллоо” гэж эл явдлыг дүгнэж байна. Чуулга уулзалтад Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, Хятадын Орон сууц, хот хөдөөгийн бүтээн байгуулалтын яамны Төлөвлөгөө, эдийн засаг, гадаад харилцааны газрын орлогч дарга Ли Липин болон хоёр орны бизнесийн 200 гаруй төлөөлөгч оролцжээ. Элчин сайд Д.Ганхуяг чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улс, БНХАУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг 2014 онд байгуулсан. Хөтөлбөрийн хүрээнд хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохирсон байдаг. Улмаар худалдааны хэмжээг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьсан. Энэ зорилгод бидний оролцож буй арга хэмжээ чухал хувь нэмэр оруулна” хэмээн онцолсон байна.