2016 онд Монгол Улсад бүртгэгдсэн бэлгийн замын халдварт өвчний нийт тохиолдлын 51.2 хувийг 15-24 насныхан эзэлжээ. Манай Улсад одоогийн байдлаар 229 тохиолдол бүртгэгдээд байна. Тэдний дунд 15-19 насны 12 хүүхэд байгаа юм байна. Судалгаанд хамрагдсан өсвөр үеийнхний 10 хүн тутмын долоо нь бэлгэвч болон жирэмслэхээс сэргийлэх эм хэрэгсэл огт хэрэглээгүй гэсэн байна. Энэхүү судалгаануудаас харахад өсвөр үе, залуучуудад бэлгийн болон нөхөн үржихүйн, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх мэдлэг, мэдээлэл зайлшгүй хэрэгтэй гэдэг нь харагдаж байна.
“Халдваргүй Ирээдүй – Мэдлэгээ хэрэглээ болгоё” төслийг энэ сарын 12-ноос арванхоёрдугаар сарын 31-ны хооронд Монголын залуучуудын холбооноос санаачлан хэрэгжүүлэхээр боллоо. Төслийг “Монголын Гэр Бүлийн Сайн Сайхны Нийгэмлэг”, “Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв”, “Ү PEER” үе тэнгийн боловсролын үндэсний сүлжээ, “Marie Stopes” Олон улсын байгууллага хамтран хэрэгжүүлэх юм. Төслийн ерөнхий ивээн тэтгэгчээр “Бамбууш” ХХК ажиллаж байгаа юм байна.
Уг төслийн эхний шат 2017 оны дөрөвдүгээр сарын 12-ноос тавдугаар сарын 31-ны хооронд үргэлжилнэ. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутнуудад бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх сургалт, бэлгийн замаар дамжих халдвар, ДОХ, ХДХВ-ийн шинжилгээ хийх, урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, зөвлөгөө өгөх сургалт, шинжилгээ хийх өдөрлөгийг зохион байгуулна. Мөн төслийн хүрээнд МЗХ-ны 21 аймгийн төлөөлөгч залуусыг “Манлайлагч сургагч багш”-аар бэлтгэх сургалтыг зохион байгуулах бөгөөд тэд орон нутагтаа энэ талаарх мэдээ мэдээллийг түгээх зорилготой аж. Төслийн дараагийн шат ирэх есдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 25-ны хооронд үргэлжлэх ба их, дээд сургуулийн 1-р курсийн оюутнуудад бэлгийн замын халдварт өвчнүүдээс хэрхэн өөрийгөө хамгаалах талаарх мэдээ мэдээллийг өгөх сургалтыг зохион байгуулна.
Мөн төслийн хүрээнд эцэг эхчүүд болон олон нийтэд зориулан бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол, бэлгийн замын халдварт өвчний талаарх мэдлэг мэдээлэл, контент, нэвтрүүлгийг олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүргэх юм байна.
Зохион байгуулагчид хэвлэл мэдээллийн байгууллагуудад нөхөн үржихүйн талаарх мэдээ мэдээллийг олон нийтэд тогтмол хүргэх, эцэг эхчүүд хүүхэдтэйгээ нээлттэй ярилцдаг байхыг уриаллаа. Мөн энэхүү төсөл цаг үеэ олсон, үр дүн өндөр ажил болно гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.