Төгрөгтэй харьцах ам.долларын ханш сүүлийн өдрүүдэд тасралтгүй суларсаар байна. Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сарын 24-нд Монголбанкнаас зарласан албан ханшаар нэг ам.доллар 2459.18 төгрөгтэй тэнцэж байв. Тэгвэл уржигдар нэг “ногоон” 2421.28 төгрөгтэй дүйж байлаа. Өөрөөр хэлбэл, 17 хоногийн хугацаанд төгрөгийн албан ханш 13 гаруй хувиар чангарчээ.
Өчигдөр 13 цагт “Найман шарга” захад ченжүүд ам.долларыг 2413 төгрөгөөр худалдан авч, 2418 төгрөгөөр зарж байв. Тус захын нэгэн ченж “Сүүлийн өдрүүдэд ам.доллартой харьцах төгрөгийн ханш чангарч байгаа. Хүмүүс ам.доллар худалдан авахаас илүү зарах сонирхол их байна” хэмээн ярилаа.
Хамгийн сүүлийн буюу өчигдрийн валютын дуудлага худалдаагаар банкууд 2410 төгрөгийн ханшаар хоёр сая ам.доллар худалдан авах, 2420.67 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 48.8 сая ам.доллар худалдах санал ирүүлжээ. Мөн 344.88 төгрөгийн ханшаар 16 сая юань худалдан авах, 350.4 төгрөгийн ханштайгаар 12 сая юань худалдах санал ирүүлсэн байна.
Энэ удаагийн дуудлага худалдаагаар Төвбанк 48.8 сая ам.долларыг 2421.28 төгрөгийн ханшаар худалдан авчээ. Дашрамд дурдахад, “Найман шарга” захад ченжүүд өчигдөр юанийг 349 төгрөгөөр авч, 349.8-аар зарж байв.