Эрчим хүчний сайд П.Ганхүү Италийн эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайд Иван Скалфороттог өнгөрсөн баасан гаригт хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр Иван Скалфоротто “Итали улс малын хаягдал түүхий эд ашиглан эрчим хүч үйлдвэрлэдэг. Энэ чиглэлд Монгол Улстай хамтран ажиллах сонирхолтой байна.
Манай оронд дэвшилтэт технологи нь нутагшсан. Харин танайд түүхий эд элбэг учраас хамтран ажиллах боломжтой. Мөн манай улс дэрс, хогийн ургамал зэргийг ашиглаж эрчим хүч гарган авах судалгааны ажил хийж байгаа” гэжээ. Мөн тэрбээр Итали орон сэргээгдэх эрчим хүчний салбарт томоохон үйлдвэрлэгч болохыг онцолсон байна.
Тэгвэл Эрчим хүчний сайд П.Ганхүү “Монгол, Италийн харилцаа эрчим хүчний салбарын хамтын ажиллагаагаар өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна. Та бүхний танилцуулсан эрчим хүчний шинэ технологийг судалж, техник, удирдлагын ажлын хэсэг байгуулж ажиллах саналыг тань дэмжинэ” гэв.
Италийн эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайд Иван Скалфоротто Итали, Монголын Засгийн газар хоорондын холимог комиссын Италийн хэсгийн дарга юм. Улаанбаатарт Итали, Монголын Засгийн газар хоорондын комиссын II хуралдаан болсон юм.