Азийн хөгжлийн банкныхан (АХБ) Монголын эдийн засаг 2017 онд 2.5, 2018 онд хоёр хувиар өснө гэсэн таамаг дэвшүүллээ. АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Ёлонда Фернандиз Ломен, ахлах эдийн засагч Деклан Магий, Акико Терада-Хагивара, эдийн засагч Л.Амар нар Монголын эдийн засгийн төлөвт хийсэн дүн шинжилгээгээ өчигдөр ийнхүү танилцуулсан юм.
ОУВС-гийн зөвлөгөөгөөр боловсруулсан төсвийн тодотголд Монгол Улсын эдийн засаг энэ онд 0.2 хувиар буурна гэж таамаглаад буй. Тэгвэл нүүрсний экспорт огцом өсөж, орлогыг нэмэгдүүлснээр эдийн засгийг 2.5 хувиар өсгөх гол түлхүүр болох аж. Мөн “Оюутолгой” компани энэ жил тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, эдийн засагт эергээр нөлөөлөх гэнэ. Харин нүүрсний экспорт ирэх жил энэ оныхоос илүү гарч нэмэгдэхгүй учир эдийн засгийн өсөлт хоёр хувь болж саарах төсөөлөл гаргажээ.
Инфляц 2017 онд 3.5, 2018 онд 3.9 хувиар өснө гэж тэд үзэж байна. Төгрөгийн ханш суларсан нь импортын бараа, бүтээгдэхүүний үнийг өсгөх магадлалтай, мөн шатахууны онцгой албан татварыг энэ оны долоо болон аравдугаар сард нэмснээр инфляцыг хөөрөгдөнө гэж АХБ-ныхан дүгнэжээ. Мах нөөцлөхөө зогсоосон ч нийлүүлэлт нь нэмэгдэх хандлагатай байгаа тул үнэ нь тогтвортой хэвээр байна гэж тэд шинжив.
“Оюутолгой” компани ирэх жил 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах хуваарьтай байгаа. Тус компанийн гүний уурхайн бүтээн байгуулалт гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэх ч 2018 оноос импортыг тэлж, гадаад руу урсах валютыг өсгөх төлөвтэй аж. Гэсэн ч ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн зээл, өсөж буй нүүрсний экспортын орлого, “Оюутолгой”-н хөрөнгө оруулалт нь төлбөрийн тэнцлийг ашигтай гаргах дүр зураг харагджээ.
Макро эдийн засгийн зохистой удирдлага алдагдах, чанаргүй зээл өсөх, “Оюутолгой”-н хөрөнгө оруулалт хойшлох эрсдэл эдийн засагт бий болж магадгүйг тэд санууллаа. Дээрх эрсдэлүүд тохиолдвол эдийн засгийн төлөвийг өөрчлөх нигууртай аж. Ахлах эдийн засагч Акико Тэрада-Хагивара “Оюутолгойн хөрөнгө оруулалт хойшлох магадлал тун бага. Гэхдээ өнгөрсөн жил бага зэрэг удааширсан. Хөрөнгөө хуваарийн дагуу оруулна гэж тооцож, таамаглал дэвшүүлсэн” гэв.
Уул уурхайн салбарын орлогыг хүртээмжтэй болгох, эдийн засгаа төрөлжүүлэх нь Монгол Улсын цаашдын сорилт байх болно гэж АХБ-ныхан тодорхойлжээ. Мөн тэд хүний нөөцөө бэхжүүлэх, инновацыг хөгжүүлэх нь заавал анхаарах шаардлагатай ажил гэдгийг зөвлөлөө. Улс орнууд уул уурхайн салбараас дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ (ДНБ) 10 хувьтай тэнцэх хөрөнгийг төсөвтөө төвлөрүүлдэг аж.
Тэгвэл манайх ДНБ-ийхээ гурван хувьтай тэнцэх хөрөнгийг төвлөрүүлдэг юм. Тиймээс уул уурхайн салбараас төсөвт оруулах орлогыг нэмэгдүүлэх бодлого баримтлах хэрэгтэй гэв. Мөн төсвийн мөчлөг дагасан бодлогоос зайлсхийж, Ирээдүйн өв сан, Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгийг онцгой байдлын үед хэрэглэх шаардлагатайг зөвлөв. Дээрх сангуудын орлогын 10 хувийг жил бүр төсөвт шилжүүлэх хуулийн заалт бий.
Үүнийгээ болих хэрэгтэй гэж суурин төлөөлөгч Ёлонда Фернандиз Ломен хэллээ. Төсвийн тодотголын төсөлд Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгийг авч ашиглахаар тусгаад буй. Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгөөс зарцуулах шаардлагатай нөхцөл Монгол Улсад үүссэн гэж үзэж байна уу гэсэн асуултад ахлах эдийн засагч Акико Тэрада-Хагивара “Монголын эдийн засгийн нөхцөл онцгой байдалд орсон гэж харж байгаа. Тиймээс Төсвийн тогтворжуулалтын сангийн орлогыг ашиглахыг зөвтгөх үндэстэй” гэж хариулав.