Хятад, Монголын хэл соёл, боловсролын сангаас санаачлан Банк оф Чайна Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар, Монгол Улсын Их Сургуулийн Күнзийн институттэй хамтран бага дунд сургуулийн сурагчдын дунд “Мөрөөдлийн од” тэтгэлэгт хөтөлбөр, “Ирээдүйн од” ивээн тэтгэх хөтөлбөрийг жил бүр зарладаг. Тэгвэл өнөөдөр тус хөтөлбөрүүдэд шалгарсан сурагчдад тэтгэлгийг гардуулав.
Тус бүр 3000 юань олгодог тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсын хэмжээнд нийт 403 сурагч өрсөлдсөнөөс “Мөрөөдлийн од” хөтөлбөрт 30 сурагч, “Ирээдүйн од” ивээн тэтгэх хөтөлбөрт 17 сурагч шалгарчээ. Ингэхдээ сурлагын дүн сайн, сургуулиа манлайлдаг, хятад хэлний тэмцээнд идэвхтэй оролцдог сурагчдыг сонгон авчээ.
Хятад, Монголын хэл соёл боловсролын сангийн нарийн бичгийн дарга Жү Жүньли “Бид Монгол, Хятад байгууллагуудын хамтын хүчээр Монголын ард иргэдийн амьдрал ахуйг сайжруулах, боловсролын хөгжил, нийгмийн дэвшилд дэмжлэг үзүүлэхийн сацуу хоёр улсын соёлын болон уламжлалт найрамдалт харилцаанд хувь нэмэр оруулах хүсэлтэй билээ. Иймдээ ч Монгол Улсын оюутан, сурагчдын хятад хэл сурах хүсэл эрмэлзлийг ихэсгэх, улмаар БНХАУ-д сурч боловсрох бололцоог нэмэгдүүлэх зорилгоор жил бүр тэтгэлэгт хөтөлбөрүүдийг зарласаар ирсэн. Энэ удаагийн сонгон шалгаруулалт өнгөрсөн сарын 12-нд амжилттай болж өндөрлөсөн. Нийт 403 сурагч оролцсоноос 47 сурагч шалгарсан. Ер нь өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын есөн дүүрэг, 21 аймгаас 1795 сурагч, оюутнууд шалгаруулалтад оролцож байгаа бөгөөд жилээс жилд сурагчдын тоо ихсэж, 262 сурагч 800 мянган юань, 86 оюутан 370 мянган юанийн тэтгэлэг аваад байгаа юм” гэж ярилаа.
Мөн энэ үеэр тэтгэлэг авсан сурагчдын төлөөлөл “Хишиг” дунд сургуулийн есдүгээр ангийн сурагч Э.Нандингоо үг хэлсэн ба тэрбээр “Хятад хэл сурах хүсэл эрмэлзлийг минь бадрааж, олон тэмцээн уралдаанд оролцох боломж олгосон Күнзийн институт болон Хятадын банкны хамт олонд талархлаа илэрхийлье. Би хятад хэл сурсан цагаас хойш хорвоо ертөнцийг өөр өнцгөөс харж эхэлсэн. Цаашлаад Монгол, Хятадын нөхөрлөл улам бэхжихэд өөрийн багахан хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв.