Нүүрсний зах зээл өнгөрсөн онд сэргэлээ. Австралийн сайн чанарын хатуу, коксжих нүүрсний дундаж үнэ өнгөрсөн жилийн эхний улиралд тн нь 80, эхний хагаст 100, гуравдугаар улиралд 150 ам.долларт хүрэв. Ингэснээр тухайн жилд хамгийн өндөр хувиар өссөн уул уурхайн бүтээгдэхүүнээр нүүрс тодорсон.
Мөн нийлүүлэлтийн шокноос үүдэж, оны сүүл хагаст 200 ам.долларын босго давсан үе ч бий. Нүүрс одоо ч үнэтэй хэвээр байна. Тухайлбал, Австралийн сайн чанарын, хатуу коксжих нүүрс өчигдөр тн нь 180 орчим ам.долларын үнэтэй байв.
Үнэ өсөхтэй зэрэгцэн экспорт ч тэллээ. Өнгөрсөн онд манай улс 25.6 сая тн нүүрс экспортолж, бараг тэрбум ам.доллар олсон нь тус түүхий эдийн үнэ 300 ам.доллар давж, “галзуурч” байсан 2011 оны үеийнхээс ч өндөр үзүүлэлт болсон юм. Энэ оны хоёрдугаар сарын байдлаар манай улс 8.4 сая тн нүүрс олборлож, 4.8 сая тн-ыг экспортоллоо. Экспорт ийнхүү өнгөрсөн оны мөн үеэс 50 хувиар өсөв.
Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээлснээр аж ахуйн нэгжүүд энэ онд 50 орчим сая тн-ыг өмнөд хөрш рүү нийлүүлэх төлөвлөгөөтэй гэнэ. Мэдээж ийм хэмжээнд хүрэхгүй ч экспорт өмнөх оныхоос өсөх нь тодорхой байна. Зөвхөн “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой”, “Энержи ресурс” нийлээд 23 сая тн-ыг экспортлох төлөвлөгөөтэй байгаа юм. Нүүрсний үнийн талаар гадаад, дотоодын шинжээчид харилцан адилгүй таамаг дэвшүүлж байгаа.
Тухайлбал, Сангийн яамныхан тн нь 52-72 ам.долларт хэлбэлзэнэ хэмээн үзжээ. Мөн Sxcoal.com-ыг эрхлэн гаргагч, “Fenwei energy”-гийн судлаачид нүүрсний үнэ энэ онд бага зэрэг хямдарч, ирэх жилээс өснө гэсэн төсөөллөө хэдэн сарын өмнө танилцуулсан. Өмнөд хөршийн Засгийн газар цаашид нүүрсний үнийн алгуур өсөлтийг хүлээн зөвшөөрнө гэж байв. Зарим шинжээч ирэх оноос эргэн хямдарна гэсэн таамаг ч дэвшүүлдэг.
Ямартай ч нүүрсний зах зээлд одоо үүлэн чөлөөний наран тусаж байна. Үнэ өссөн энэ сайхан үеийг ашиглаж, аль болох их хэмжээний түүхий эд экспортлохоор дотоодын аж ахуйн нэгжүүд чармайж байгаа. Тухайлбал, Тавантолгойн бүлэг ордод үйл ажиллагаа явуулж буй гурван компани энэ онд олборлолтоо өсгөн, нийт 23 сая тн-ыг худалдах төлөвлөгөөтэйгөөр өдөр шөнөгүй, цаг наргүй ажиллаж буй.
Тэгвэл энэ хэмжээний нүүрс экспортлох тээвэр, ложистикийн дэд бүтэц бэлэн үү. Гашуунсухайт, Ганцмодны боомт жилд 23 сая тн нүүрс экспортлох хүчин чадалтай юу.
Энэ боомт одоогоор долоо хоногийн зургаан өдөр, өглөөний 8.00 цагаас оройн 20.00 цаг хүртэл ажиллаж байна. Нэвтрүүлэх чадлыг сайжруулах үүднээс хоёр талын боомтыг долоо хоногийн бүх өдөр 24 цагаар ажиллуулъя гэсэн хүсэлтээ өмнөд хөршийн талд олон жилийн турш тавьсаар ирэв. Өнгөрсөн сард ч ээлжит ноот бичгээ илгээжээ.
Хятадын талаас энэ бүхэнд “Ажиллах цаг болон өдрийг сунгах шаардлагагүй. Ганцмодны боомтын нэвтрүүлэх чадвар хангалттай түвшинд байгаа. Харин танайх хүчин чадлаа сайжруулах хэрэгтэй” гэсэн ганцхан хариулт өгдөг байна. Гашуунсухайтын боомтоор өдөрт дээд тал нь 1200 машин нэвтрэх боломжтой.
Харин Ганцмодны боомт 2000-ыг хүлээн авах хүчин чадалтай аж. Автотээврийн үндэсний төвийнхний тооцоогоор нэг автомашин Гашуунсухайтад гурван минут саатдаг бол өмнөд хөршийн боомтоор нэвтрэхэд ердөө 30 секунд л хангалттай гэнэ. Тиймээс л ажиллах цагийн хуваарийг сунгах хүсэлтэд “Ажлаа өөрсдөөсөө эхэл” гэсэн хатуухан хариу өгдөг бололтой юм.
Нүүрсний экспортын гол хаалгаар одоо өдөрт 600-800 машин гарч байгаа аж. “Эрдэнэс Тавантолгой” компани Хятадын “Чалко”-д төлөх өрөө дарсан, мөн Цанхийн зүүн хэсгийн уурхайн үйл ажиллагаа зогссон зэргээс үүдэн энэ хаалгаар цувах машины тоо түр хугацаанд цөөрчээ. Гэхдээ уурхайн үйл ажиллагаа жигдрэхэд эргээд 1000-аас хол давах юм. Ер нь Гашуунсухайт боомтоор өдөрт дээд тал нь 1300 машин нэвтрүүлэх хүчин чадалтай гэнэ.
Нэг автомашин 60-70 тн-ын даацтай. Дунджаар 65 тн гэвэл өдөрт 85 мянган тн-ыг тээвэрлэх боломж бий. Харин сард 2.1 сая тн, жилд 25 сая тн-ыг гаргах нь. Энэ нь “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи ресурс”, “Тавантолгой” компанийн зорьсон түвшинд уг нь хүрч байгаа. Гэхдээ уг боомтод цахилгаан, интернэтийн сүлжээ тасрах зэрэг доголдол байнга гардаг учир өдөр бүр хүчин чадлаа тултал ашиглаж, 1300 машин нэвтрүүлэх боломж байхгүй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
Үүлэн чөлөөгөөр нар тусах мэт зах зээлийн ийм таатай үе тун ховорхон тохионо. Үүнийг мэдэрсэн уул уурхайн компаниуд хүчин чадлаа тултал нэмэгдүүлж байна. Энэ хүрээнд олборлолтоо өсгөж, үр ашгаа дээшлүүлж байгаа. Тухайлбал, энэ оны эхний хоёр сард олборлосон нүүрсний хэмжээ жилийн өмнөх үеэс 165 хувиар тэлжээ. Харин тээвэр ложистик нь тав, арван жилийн өмнөхөөрөө.
Саалиа зэхэхээр саваа бэлд гэдэг шиг уг нь ахиухан нүүрс экспортолж, арвин “ургац” хураая гэж байгаа бол тээвэрлэх дэд бүтэц, ложистикоо хамт хөгжүүлэх ёстой. Угаасаа уул уурхайн түүхий эд экспортлогч орны хувьд улсын хөгжил нь боомтоос л эхэлнэ. Бид Эрээн болон Замын-Үүдийн хөгжлийн ялгаа хэрхэн холдож буйг харж байна.
Үүнтэй адил өмнөд хөршийн Ганцмодны боомт айлын их гэр мэт дүнхийж байхад манай Гашуунсухайтад илүү гэрийн дайтай, хэдхэн жижиг модон “амбаар” л нүдэнд торно. Ийм байж боомтоо олон улсын жишигт хүргэе хэмээн их үг хэлж, байнгын ажиллагаатай болгоё гэж хөршийнхнөөсөө гуйж яаж чадаж байна вэ. Олборлосон нүүрс нь талбайдаа багтаж ядан байгаа уул уурхайн компаниудын хүсэлтийг хэрхэн биелүүлэх билээ.
Уг нь хилийн боомтуудыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө гэж бий. Үүний дагуу Гашуунсухайтын боомтыг хөгжүүлбэл тэнд жижиг хэмжээний хот сүндэрлэх байв. Үүнд 20 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэдэг юм билээ. “Гашуунсухайтын боомтыг хөгжүүлэх талаар олон жил ярьж байна. Гэвч үр дүн алга. Манай боомтын машины нэвтрэх цагийг богиносгож, хугацаа хожих шаардлагатай юм байна. Үүний тулд хил, гааль, мэргэжлийн хяналтын байгууллагуудын уялдаа холбоог нэмэгдүүлэх, боомтын ажилчдын орон тоог нэмэх, техник технологийг нь сайжруулах, барилга байшинг нь томсгох шаардлага бий.
Үе үеийн Засгийн газар үүнд шаардлагатай хөрөнгийг гаргахаас түвэгшээн, гар татсаар ирлээ. Уг нь экспортын орлогын маань дийлэнх нь энэ боомтоор орж ирж буй учир хөрөнгө оруулж, хаалгаа арчилж тордон, томсгох хэрэгтэй байна. Зам, тээврийн хөгжлийн яамнаас тэнд хоногийн нэгдсэн график нэвтрүүлж, хөл толгой нь олдохоо байсан автомашиныг цэгцэлж эхэлсэн. И
нгэснээр хөдөлгөөний хурд тодорхой хэмжээгээр нэмэгдэж байгаа гэнэ. Гэхдээ энэ нь асуудлыг үндсээр нь шийдвэрлэж чадахгүй. Тиймээс экспортоо өсгөе гэвэл үүдээ дэлгэе.