“Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал сарын 10 мянга, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд 4000 ам.долларын цалинтай. Тэд их хэмжээний цалин авч, төрийн өмчийг шамшигдуулж байна” гэсэн шүүмжлэл гарсан. Үүнтэй холбогдуулан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор өчигдөр тайлбар хийлээ. Тэрбээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлаар томилогдсон Х.Бадамсүрэнгийн цалинг 10 мянган ам.доллароор тогтоохыг зөвшөөрснөө хүлээв.
Уг компанийг ОХУ-тай хамтран эзэмшдэг байхад ерөнхий захирал нь сард 20 мянган ам.долларын цалин авдаг байжээ. Төрийн өмчит компанийн захирлуудын цалинг 30-60 хувь бууруулах Засгийн газрын шийдвэр гарсан. Үүнтэй уялдуулан цалинг 50 хувь бууруулсан гэж тайлбарлалаа.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхийн захирлын цалин, хангамжтай холбоотой нийт 14 хүсэлт ирсэн байна. Үүнээс ээлжийн амралтаа авахад нь 30 мянган ам.доллар олгох, нэг хүүхдийнх нь гадаадад сурах төлбөр, гэр бүлийн хамт амралт, сувиллын газарт эмчлүүлэх зардлаа мөн бүрэн даалгах, Орхон аймаг болон Улаанбаатар хотод орон сууц худалдаж авч өгөх гэх мэт 10 хүсэлтийг нь зөвшөөрөөгүй байна.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн ТУЗ-ийн гишүүд өмнө нь сард 2000-3000 ам.долларын урамшуулал авч байжээ. Улмаар санхүүгийн албанаас нь сард 4000 ам.долларын урамшуулал олгох хүсэлт ирүүлсэн байна. Ц.Ням-Осор төрийн өмчит компанийн ТУЗ-ийн гишүүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр нугалсантай тэнцэх урамшуулал олгож болно гэсэн журмыг үндэслэн 480 мянган төгрөгөөс дээш цалин олгох боломжгүй гэсэн хариу илгээжээ. Тэрбээр “Эрдэнэтийг нэг жижиг компанитай зүйрлэж болохгүй л дээ. Засгийн газраас тусгай шийдвэр гаргавал өндөр цалин олгох боломжтой гэсэн байр суурь илэрхийлсэн” гэж нэмж хэлэв.