Дөрөвдүгээр сарын 01-ны өдөр www.medee.mn сайтад гарсан СБХ-ийн 29 дүгээр тусгай сургуулийн нэгэн сурагчийн ярилцлага олныг цочирдуулаад буй. Тус ярилцлагад тус сургуулийн залуу эрэгтэй багш нар эмэгтэй сурагчдад бэлгийн дарамт үзүүлж, эрэгтэй сурагчдыг зодож, багш нар нь архи уудаг гэх зэрэг олон зүйлийг дурдсан байна. Тэгвэл уг нийтлэлтэй холбоотойгоор сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн захиргаа, багш нарын төлөөлөл өнөөдөр сэтгүүлчдэд хандлаа.
Тус сургуулийн захирал Б.Батсайханы хэлж буйгаар “www.medee.mn сайтад нийтлэгдсэн мэдээлэл ор үндэслэлгүй, худал мэдээлэл гэдгийг манай сургуулийн бүрэн камержуулсан байдал, хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчид сургууль дээр байж, улсын болон олон улсын байгууллагуудаас байнга хяналт шалгалт хийдэг зэргээс мэдэх боломжтой.
Тиймээс ийм зүйлээр бусдыг гүтгэж, баталгаагүй мэдээлэл цацсан тус сэтгүүлчид хариуцлага тооцохыг харьяа байгууллагаас нь хүсэж байна” гэлээ.
Мөн өмгөөлөгч Г.Батбаяр хэлэхдээ “Бага насны охидод бэлгийн дарамт үзүүлдэг, биед нь зөвшөөрөлгүй халддаг гэх мэдээлэл нь ор үндэслэлгүй гүтгэлэг юм. Тухайн гэмт хэрэг гарах орчин нөхцөл 29 дүгээр сургууль дээр бүрдээгүй. Сургууль 340 орчим сурагчтайгаас 140 орчим нь дотуур байранд амьдардаг. Гэсэн хэдий ч байнгын хатуу хяналтан дор эмчийн үзлэгт байнга хамрагддаг. Ийм байхад хөгжлийн бэрхшээлтэй, Иргэний хуулийн 18 дугаар зүйлд заагдсан эрх зүйн бүрэн чадамжгүй этгээдээс ярилцлага авч, үүнийгээ улс орон даяар тарааж байгаа нь өөрөө хууль бус үйлдэл юм. Иймээс хууль, цагдаагийн байгууллагад хандан шалгуулах хүсэлтээ өгөхөөр болсон” гэв.
Харин хэвлэлийн бага хурлын үеэр сурагчаас ярилцлага авсан www.medee.mn сайтын сэтгүүлч У.Уранцэцэг ирсэн бөгөөд тэрбээр “Эх сурвалжгүй, эрх зүйн чадамжгүйг нь ашиглан эрүүгийн хэрэгт гүтгэсэн гэх зүйл ангиар намайг шүүхэд өгсөн байсан. Үүнийг нь урьдчилан тооцоолоод ярилцлага авах үеэрээ мэргэжлийн хэлмэрч орчуулагч, тухайн сурагчийн хамгийн сайн харилцаатай багш, сайтын маань зурагчин гээд нийт дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй байсан. Үүнээс гадна нэг цаг гаруй хугацаатай дуу бичлэг байгаа. Тус бичлэгт ангиа цэвэрлэхэд удаа дараа хэрэглэсэн бэлгэвч гарч байсан, эрэгтэй залуу багш нар өдрийн цагаар ангид архи үнэртүүлээд ороод ирдэг, эмэгтэй сурагчдын хүрч болохгүй газруудад дандаа хүрч бэлгийн дарамт учруулдаг, биднийг тэнэг мангар, хэлгүй дүлий гэж доромжилж байнга зоддог нэр бүхий багш нар байдаг, мөн залуу багш нар хоорондоо анги дээр бэлгийн харилцаанд ордог гэх ноцтой мэдээллүүд бичигдсэн байгаа. Би тэрийг асуудал дэвшүүлэн хөндөн гаргасан. Тэрнээс биш үнэн гэж нотолж тавиагүй. Сэтгүүлч болоод хэвлэл мэдээллийн байгууллага эцсийн дүгнэлт болдоггүй. Эцсийн дүгнэлт шүүх, хуулийн байгууллага гаргадаг.
Энэ сарын 01-ний өдөр ярилцлага нийтлэгдсэний дараа хоёр цагийн үед сурагчийн ээж надтай холбогдсон. Ингэхдээ сургуулийн захирал болон н.Уртнасан гэх ангийн багш нь холбогдоод “Танай хүүхдийг сургуулиас хасна, шүүхэд өгнө, шоронд суулгана” гээд дарамталж байна. Би хүүхэддээ ийм эрсдэл үүрүүлмээргүй байна. Нийтлэлээ аваад өгөөч гэж гуйсан. Би ч боломжгүй гэдгээ хэлсэн. Тэгсэн Сэлэнгэ аймагт амралтаараа гэр лүүгээ явсан хүүхдээс надад ийм ярилцлага өгөөгүй гэдэг бичиг бичүүлээд аваад ирсэн байсан” хэмээн ярилаа.