Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах 149 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийг дүүргийн 584 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж, өчигдөр ашиглалтад орууллаа.
Тус цэцэрлэг нь 1292 ам метр талбай бүхий хоёр давхар өргөтгөлтэй болсноор хүчин чадлаа 50- иар нэмж, зориулалтын урлагийн заалтай болсон байна. Мөн багш, жижүүр, үйлчлэгч гээд 10 ажлын байр шинээр бий болгожээ. Тус цэцэрлэгийн арга зүйч Б.Мягмарсүрэн “Манай хороонд цэцэрлэгийн насны 119 хүүхэд бий. Цэцэрлэг өргөтгөлтэй болсноор тэднийг 100 хувь хамруулах боломж бүрдлээ” гэсэн юм.
Мөн энэ өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутагт 50 хүүхдийн ортой цэцэрлэгийн шав тавих ёслол болов. Тус цэцэрлэгийг АНУ-ын буцалтгүй тусламжаар барих бөгөөд гүйцэтгэгчээр “ТТК” ХХК ажиллаж, энэ оны наймдугаар сард ашиглалтад өгөхөөр гэрээ байгуулжээ.
Энэ үеэр БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр “Хот суурин газарт хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулахын тулд Засгийн газраас цэцэрлэг барихад зарцуулах төрийн болон орон нутгийн, олон улсын тусламжийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байна. АНУ, Монгол Улсын Засгийн газар дээрх зорилтын хүрээнд сургуулийн өмнөх боловсролын хүртээмж бага байгаа дүүрэг, суманд эрчим хүчний хэмнэлттэй, цаг агаарын эрс тэс уур амьсгалд дулаанаа алддаггүй технологи нэвтрүүлсэн цэцэрлэгийн байгууламж барих ажлыг өнөөдрийн шав тавих ёслолоор эхэлж байгааг дуулгахад таатай байна” гэлээ.