Олон улсын үнэлгээний “Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг Caa1 түвшинд хэвээр үлдээснээ өнгөрсөн баасан гаригт мэдээлэв. Тус агентлагийнхан манай улсын төлөвийг тогтвортой байна хэмээн таамаглаж буй аж. ОУВС-гийн хөтөлбөр болон бусад санхүүжилт нь гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргэж, уул уурхайн салбар эрчимжин, дунд хугацаанд эдийн засгийн өсөлт, гадаад валютын нөөц нэмэгдэхийг дэмжих хүртэл гадаад төлбөр тооцоог “тогтворжуулахад” нөлөөтэй гэж үзсэн байна.
Гэхдээ төсвийн алдагдал өндөр байгааг анхааруулаад, ирэх 12-18 сард төлбөр түргэн гүйцэтгэх чадвар муудах эрсдэлтэй, санхүү, эдийн засагт сорилт их байхыг сануулжээ. Тус агентлагийнхны үзэж буйгаар төсвийн алдагдал 2017-2018 онд хоёр оронтой тоонд хэвээр байх нь.
Бас Засгийн газрын өр өнгөрсөн онд ДНБ-ий 92 хувьтай тэнцэж байсан бол энэ онд 100 хувиас ч давна гэж таамаглажээ. Монгол Улсын эдийн засгийг энэ онд ердөө 0.2 хувиар өснө хэмээн тооцсон байна. Тэгвэл “Оюутолгой”, “Тавантолгой” төсөл нь 2018 оноос ДНБ-ий өсөлтийг дэмжинэ гэж таамагласнаа дурджээ.
Эргэн сануулахад, “Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 2016 оны наймдугаар сард B3, арваннэгдүгээр сард нь Caa1 болгон бууруулж байв.