Монголын хөдөө аж ахуйн биржийн өнгөрсөн баасан гаригийн арилжаагаар боловсруулаагүй, цайвар ноолуур 98.1 мянган төгрөгт хүрэв. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 50 хувиар өссөн дүн боллоо. Нийт 40 тн ноолуур, 57.5 тн завод ноос худалдаж, арилжааны нийт дүн дөрвөн тэрбум төгрөгт хүрчээ. Үнийн дүнгийн 98 хувийг ноолуур бүрдүүлэв.
Харин угаасан, цайвар ноолуурын нэг кг нь 81 мянган төгрөгөөр зарагдсан аж. Дэлхийн зах зээлд ноолуурын үнэ өсөж буй нь дотоодод ч нөлөөлж байна. Үүнээс гадна төгрөгийн гадаад валюттай харьцах ханш суларсан нь үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлсэн ноолуурын үнийг ийнхүү өсгөж байгаа юм.