Нийслэлийн 29 дүгээр тусгай сургууль дээр БСШУЯ-ны ажлын хэсэг гарч, багш нарын заах арга,хүүхдүүдийн сурах явцыг шалгаж байна. Чухамдаа Монголд ганц байдаг сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай сургуулийг аль эртнээс л ингэж анхааралдаа авч, багш, боловсон хүчинг бодлоготой бэлтгэх байсныг, 50 гаруй жилийн түүхтэй тус сургуулийн суралцагчдын чанар яагаад жилээс жилд муудаж байгааг, төгссөн хүүхдүүдээс дийлэнх нь захын лангуунд гутал зарж, эсвэл таксины жолооч болж буйг, хэчнээн гоц авьяастай хүүхэд байгаад ч хөгжүүлж, нийгэмшиж, үнэлүүлж чадахгүй явсаар дуусдаг зэрэгт дүгнэлт хийх байсныг бодлого боловсруулагчид одоо л ойлгож байх шиг.
Өнгөрөгч даваа гарагт тус сургуулийн ахлах ангийн сурагчид хичээл хаяж, суурь боловсролыг бусад хүүхдүүдтэй тэгш хүртэх эрхээ нэхэж жагссан нь ийн олны анхаарлыг татсан үйл явдал болов.
Хүүхдүүд яагаад гэнэт тэсрэв?
Юм сонсохгүй, дээр нь ярьж чадахгүй байна гэдэг хэчнээн хэцүү болохыг эрүүл хүмүүс тэр бүр ойлгохгүй. Гадаад орчинтой бүрэн дүүрэн харилцаж чадахгүй, өөрийгөө илэрхийлэх чадвар хүрэлцэхгүй, энгийн хүмүүстэй хангалттай ойлголцохгүй болохоор сонсголын бэрхшээлтэй хүмүүс маш их бухимддаг. Тэднийг ойлгож, сонсч, дэмжих ёстой ганц орчин нь сургууль, багш нар юм. Гэвч тус сургуулийн хичээлийн хөтөлбөр, багш нарынх нь заах арга ур чадвар жилээс жилд хоцрогдож, нийгмийн хурдыг гүйцэж чадахаа больсныг хүүхдүүд мэдэрсээр, хэлсээр, гаргаж тавьсааратал тодорхой өөрчлөлтгүй, шийдэх сайжруулах дорвитой оролдого хийхгүй явсаар өнөөг хүрсэн нь асуудлын гогцоо аж. Зөвхөн одоо сурч байгаа сурагчдаас гадна төгсөөд явсан хүүхдүүд сургуульдаа санаа оноо хэлж, асуудал бэрхшээлээ ярьдаг ч тусыг эс олсоор ирж.
Тус сургуулийг жилд 30-40 хүүхэд төгсдөг бөгөөд тэднээс цөөхөн хэд нь их дээд сургууль, коллежид элсдэг, бусад нь хувиараа хөдөлмөр эрхлэх буюу хар бор ажил хийж амьжиргаагаа авч явахаас аргагүйд хүрдэг.
Гэвч нийгэм өөрчлөгдөж, цахимжиж, нарийн мэргэшил эзэмших шаардлага салбар бүрт гарч ирж байгаа учир хүүхдүүд ирээдүйдээ санаа зовинож, байгаа байдлыг сайжруулж өгөөч, бидэнд бүх хичээлээ дохионы хэлээр сайн ойлгуулж, “уруулаас унших” дадлыг тусгайлан эзэмшүүлж өгөөч гэсэн хүсэлтийг удаа дараа тавьжээ.
Харин сургуулийн удирдлагууд төдий л ач холбогдол өгөхгүй, гал унтраах байдлаар асуудалд хандаж, өөрсдийгөө хайцаалсаар ирсэн байна. Энэ бүхэн нэг л өдөр явсаар тэсэрсэн нь сурагчдын жагсаал байв. Харин тэднийг турхирсан, далд зорилгодоо ашигласан мэтээр харагдуулах гэж хичээж буй хэсэг бүлэг байгаа ч энэ бол 29 дүгээр сургуульд он дамжин ужигирсан, төгсөгчөөс төгсөгч хооронд идээ бээр болон бугласан асуудал аж. Тэгээд ч ийм хүүхдүүд өөрсдөө хүсээгүй зүйлд тэр болгон оролцоод байхгүй, бусдын ятгалгаар “улстөржих” арга заль суугаагүй байдгийг сонсголгүй хүнтэй гэр бүл болгон нотлох байх.
Хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийг ерөнхий боловсролын дараа тусгайлан мэргэшүүлэх тогтолцоо манайд байдаггүй, “Жон бэйс”-ээс өөр ийм хүүхдүүдийг сургадаг жолооны курс ч байхгүй гээд яривал бэрхшээл олон. Гэвч тэд худлаа ярьж, хулгай хийлгүйгээр амь, амьжиргаагаа болгоод л байдаг. Тус сургуулийг төгсөгчдөөс гэмт хэрэгт холбогдсон хүүхэд маш цөөхөн бөгөөд өөрийгөө илэрхийлэх чадвар сул учир бусдын итгэлийг алдахаас хамгийн их айдаг гэсэн судалгааны дүн ч байдаг аж.
Эмч ээ! амны хаалтаа авчих тэхүү…
Хүүхдүүд дохионы хэлээр хичээлүүдээ заалгахыг хүсч байгаа. Үүнд тохирох чадварыг багш нараасаа нэхэж байгаа. Тэд ингэх эрхтэй. Хичээлээ бүрэн ойлгохын тулд чаддаг хэлээрээ л суралцах ёстой.
Тэгээд ч Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12.1д дохионы хэл бол сонсголгүй хүний эх хэл мөн гэж заасан байдаг. Гэвч тус сургуулийн ихэнх багш дохионы хэлийг мэргэжлийн түвшинд сураагүй, суръя гэж тэгтлээ хичээдэг ч үгүй болох нь хүүхдүүдтэй харилцаж байгаа байдлаас мэдэгдэхээр байна.
Тус сургууль үндсэн 55, туслах 10 багштай. Тэдний ердөө 20 гаруй хувь нь л дохионы хэлээр харилцдаг бол үлдэсэн нь бүтэн үг, өгүүлбэрээр биш үсэг холбох байдлаар дохидог аж. Тиймээс хүүхдүүдэд хичээл заахдаа хурууны үсгээр “бичих” юм уу эсвэл амны хайрцагаар яриад явдаг байна. Энэ нь хүүхдүүдэд уруул уншиж сурахад нэмэртэй байж болох ч үндсэн хичээлээ ойлгохгүй, шамдаж хичээхгүй байх шалтгаан болж буй.
Багш нар үүнийгээ зөвтгөж байгаа тайлбар бас бий. “Амьдрал дээр дохионы хэл тэр болгон хэрэг болдоггүй. Учир нь жирийн хүмүүс гэр бүлд нь сонсголгүй хүн байдаггүй л бол дохионы хэлийг зорьж сурдаггүй, сурах ч албагүй. Тиймээс сонсголын бэрхшээлтэй хүмүүс жирийн хүмүүсийн амны хайрцагийг харж ойлгох хэрэгтэй болдог, тиймээс бид ингэж заадаг” гэж буй. Энэ нь ч үнэн. Гэхдээ хүүхдүүд академик хичээлүүдийг амны хайрцагаас ойлгох хэцүү байгааг л хэлээд байгаа хэрэг. Түүнээс биш “уруулаас унших” дадал амьдралд хэрэгтэйг үгүйсгээгүй. Ийм жишээ ч олон.
29 дүгээр сургуулийг 2002 онд төгсөөд, жирийн хүүхдүүдтэй хамт конкурс өгч, МУИС-ийн түүх, нийгмийн ангид өөрийн чадлаар орж суралцсан охины бодит түүхээр жишээ авъя. 29 сургуульд насаараа багшилсан гавьяат багш Долгорсүрэнгийн шавь Т.. охин сургуульдаа онц сурдаг, маш мэрийлттэй, хичээл зүтгэлтэй нэгэн байв. Хэдий хялбаршуулсан хөтөлбөрөөр дунд сургууль дүүргэсэн ч бие даан нэмэлт хичээл судалсаар, жирийн хүүхдүүдтэй эн тэнцүү өрсөлдөж Монголын хамгийн нэр хүндтэй сургуульд хөл тавих үедээ өөрийгөө дохионы хэлээс гадна “уруулаас унших” дадлыг сайн эзэмшсэн гэж бодож байлаа.
Гэвч их сургуулийн лекц сонсохоос эхлээд бэрхшээлтэй нүүр тулжээ. Энгийн хүүхдүүдэд хичээл орж дадсан багш нар нэг газраа тогтож ярихгүй, нааш цааш холхиж, оюутнуудын дундуур явахад амны хайрцагийг алдах жишээтэй. Бас дэвтэртээ тэмдэглэх хооронд нь багш баахан юм яриад явчихна, хамгийн урд суулаа ч хүмүүсийн шуугиан дунд шалгалт шүүлэгний зар сонсохгүй өнгөрч хохирно гээд зовлон их. Энэ бол ганцхан хүүхдийн жишээ. Ахуй амьдралд ч тэдэнд нийтлэг бэрхшээл учирна.
Эмнэлгээр үйлчлүүлэхдээ эмч нараас “та амны хаалтаа авчих тэгэх үү” гэж гуйна, үйлчилгээний ажилтнууд тэр болгон нүүрээ тулгаж ярихгүй, төрийн албаныхан бол бүр эгцэлж ч хардаггүй гээд нарийн бэрхшээлүүд их.
Сургуульд зөрчигдөж буй асуудлаа багшдаа тайлбарлаж, нийгмийн ажилтанд болон сургуулийн захиргаанд удаа дараа хандсан тухай хүүхдүүд ярьж байсан. Гэвч асуудлыг мэдэж байсан ч чухалчилж авч хэлэлцээгүй, холбогдох газар нь уламжилж шийдүүлээгүй, харин ч хэл ам хийсэн хүүхдүүдийг зэмлэж буруушаах, хавчих маягтай явж ирсэн бөгөөд өөр сонголтгүй, ижил төстэй сургууль байхгүй учир арга буюу амаа хамхидаг тухайгаа ч мөн хэлж байв.
Тэгэхээр яг одоогийн нөхцөлд байдалд сургуулийн захирал, зарим багш нарын тайлбарлаад байгаачлан амны хайрцагаар хичээл нь орох хүүхдүүдээ бодсон хэрэг биш, зүгээр л сэтгэлгүйн гай гэж ойлгогдож байна. Салбарын сайд ч мөн дохионы багш нарыг олноор бэлтгэх эрсдэлтэй, ажлын байргүй болно гэсэн мэдэгдэл хийсэн байна лээ. Уг нь бол сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдтэй харилцах хэрэгцээ хаана л бол хаана гардаг, ядаж л жолооны курст ийм хүүхдүүдэд орчуулагч-багш хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой зүйл.
Багш нар нь яагаад дотроо хагарав?
Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд бусад жирийн сурагчдын адил 12 жил сураад төгсдөг ч энгийн хүүхдүүдээс 2-3 жилийн хоцрогдолтой явдаг гэдгийг тус сургуулийн багш нар тайлбарлаад байгаа. Тэдний хичээлийн ихэнх цаг нь дохионы хэл, түүгээр харилцах, бичих чадвар эзэмших, өөрийгөө илэрхийлэх, авиа засал гэх мэт хүүхэд нэг бүртэй тулж ажиллах шаардлагатай өвөрмөц дадлууд байдаг аж.
Тусгай сургуулийн багш нар жирийн сургуулиас хүнд хэцүү нөхцөлд ажилладаг нь яах аргагүй үнэн. Тухайлахад энэ сургуульд анх орж байгаа сонсголын бэрхшээлтэй 7 настан бол өөрийгөө илэрхийлэх, гадаад орчинтой харилцах чадвараараа яг л хэлд орж байгаа, эрүүл саруул 2 настай хүүхэдтэй адилхан байдаг.
Жишээлбэл, бөмбөгийг ямар ч хүүхэд тоглоом гэж мэднэ, бөмбөг гэж нэрлэдэгийг ч мэднэ. Харин сонсголгүй хүүхдүүдэд харуулаад бөмбөг гэж хэлдэгийг таниулж мэдрүүлээд тайлбарлана, дараа нь авиаг нь тавина, ам уруулын байрлал, дууны өнгө, амьсгал зэргийг заана, хурууны үсгээр давтуулна, бичүүлнэ, уншуулна гээд маш олон үйлдлээр, цогц аргаар заадаг.
Гэвч төр засгаас үүнийг ойлгож үнэлж байгаа ганц хөшүүрэг нь цалингийн 30 хувийн нэмэгдэл. Өөр дэмжлэггүй учир хэлгүй, дүлий хүүхдүүдтэй зууралдаж, тэдэнд хичээл заах гэж үйл тамаа үзэхийг хүсэх багш ховор, тийм боловсон хүчинг бодлогоор бэлтгэж, урамшуулал хөшүүрэг олгох тогтолцоо ч байхгүй, товчхондоо сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн тэгш боловсрол хүртэх эрх хөсөр хаягдсаар л ... Дээрээс нь 29 дүгээр сургуулийн захирал нь өөрөө энэ чиглэлээр мэргэшээгүй, дохионы хэл ч эзэмшээгүй, “шахааны хүн” байдаг гэх яриа ч бий.
Уг нь 29 дүгээр сургуулийг төгсөөд багшийн мэргэжил эзэмшин, буцаад төрөлх сургуульдаа ажиллаж байгаа 11 багш бий. Дээр дурдсан МУИС-ийн түүхийн ангийг дүүргэсэн бүсгүй одоо тэндээ 11 дахь жилдээ ажилласаар л байна. Тэд зовлон мэдэх учир асуудлыг уирдлагадаа хандан хэд хэдэн удаа санал бодлоо илэрхийлсэн байсан. Хичээлээ бүрэн ойлгохгүй, хөтөлбөрөө гүйцэхгүй байгаа хүүхдүүд цаашаа гүнзгийрэн сурах боломжгүй учир бүх хичээлийг дохионы хэлээр явуулах хэрэгтэй гэдгийг цаг хугацаа харуулсаар ирж. Гэсэн хүлээж аваад, хэрэгжүүлсэн юмгүй, багш нар нь амны хайрцагаар хичээлээ орохдоо орсоор л ирж.
Ямар боловч 11 сонсголгүй багш нэгдэж бүлгэм байгуулан, асуудлыг зүгээр яриад суух биш өчүүхэн ч болов үүрэлцэх санаачилга гаргаж, ажлын төлөвлөгөө боловсруулж батлуулаад ажиллаж эхлээд байгаа аж. Тэд илүү цалин нэхээгүй, харин төлөвлөөнийхөө дагуу хичээлийн бус цагаар хүүхэд хөгжүүлэх ажил зохиох, хэлэлцүүлэг мэтгэлцээн зэргийг зохион байгуулах өрөө хүссэн боловч үл тоосон нь хачирхалтай.
Сонсголгүй багш нарт ч өөрийгөө илэрхийлэх асуудал тулгардаг. Адаглаад энгийн харилцаанд ярих, ойлгомжтой бичих чадвар сул учир удирдлагууд нь үүнийг шалтаг болгож, санаа оноог нь тэр бүр хэрэгсдэггүй гэж нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн сонсголгүй багш ярьсан юм. Тэд аман арга зүйг сайн эзэмшсэн, хичээлээ дохиогоор чөлөөтэй зааж, хүүхдүүдтэй нээлттэй, хүндрэлгүй харилцдаг ч удирдлагын зүгээс хангалттай дэмжлэг хүлээж чаддаггүй, хамт олон дотроо ч хавчигдмал байдалтай байдаг аж.
Дүгнэж хэлэхэд энэ бол гэнэт нэг өдөр гараад ирчихсэн биш, тусгайлан бэлтгэгдсэн ахмад туршлагатай багш нар нь эхнээсээ гавьяаны амралтад суусан тэр үеэс л оршсон, бугшсан асуудал. Дохионы цаана нуугдаж явсаар дотроосоо тэсрэх цаг нь харин ирсэн бололтой. Явж явж нийгмийн цөөнх болсон хүүхдүүдээ сурч боловсрох эрхийг нь орхигдуулсан, шаардлага хангах багш нарыг нь бэлдэхгүй, урамшуулахгүй, дэмжихгүй явсан манай боловсролын тогтолцооны л нэг гажуудал. Өөр бас удирдлагын зөрчил, дотоод үл ойлголцол ч байх аж.
Хэдий энэ нь хэдхэн хүүхдийн, цөөн хэдэн багш нарын хэрэг юм шиг боловч нийгмийн нэг хэсэг болсон сонсголын бэрхшээлтэй иргэдийн сурч боловсрох эрхийн тухай асуудал учир эцсийн дүндээ хүүхдүүд л хохирох ёсгүй.
Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд сонсдоггүй ч маш сайн ажигладаг, ярьдаггүй ч нухацтай эргэцүүлдэг. Тэд барагтай л бол дүр эсгэж, худлаа ярьдаггүй, хэн нэгний ятгалгад мухар сохроор ч автахгүйгээ мэднэ. Ажигч гярхай тэдний дотоод мэдрэмж сайн хөгжсөн байдаг. Тиймээс багш нарынхаа хэн нь зөв юмны төлөө дуугараад буруудаж буйг, хэн нь өөрсдийнхөө байр суурь, нэр хүндээ хамгаалах гэж элдэв “хор” найруулж байгааг ч гадарлана.
Асуудал нэгэнт ил болж, анхаарал татсаных яамны мэргэжилтнүүд цаасан дээрх үзүүлэлтээс илүү нөхцөл байдлыг бодитоор үнэлж, сонсголгүйчүүдийн ирээдүйн төлөө зөв шийдвэр гарган мөрөөр нь үр дүнтэй ажиллаасай гэсэн хүлээлт сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд, тэдгээрийн эцэг эхчүүдийн дунд үүсээд байна.
Сэтгүүлч Э.Адъяасүрэн