Дорноговь аймгийн Сайншандаас таван км-ийн зайд, Улаантолгойд салхин цахилгаан станц барих болсон билээ. Өмнө нь Сайншандын салхин цахилгаан станцыг 52 мВт хүчин чадалтай байхаар төлөвлөж байсан бол 55 мВт болж нэмэгджээ. Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ) тус станцад 30 сая ам.доллар (28 сая евро)-ын зээл олгохоор хэлэлцэж буй тухай renewablesnow.com цахим хуудсанд мэдээлэв.
Францын томоохон “Engie”, Германы “Ferrostaal industrial projects” нь “Сайншандын салхин парк” төслийн хувьцаа эзэмшигч, төсөл хэрэгжүүлэгч юм. Төсөлд нийт 117.5 сая ам.доллар шаардлагатай бөгөөд Европын хөрөнгө оруулалтын банкны эрсдэлийг хуваалцахаар Европын сэргээн босголт, хөгжлийн банк оролцохоор хэлэлцэж байна. Нийт гурван банк уг төсөлд зориулан санхүүжилт олгох аж.
“Сайншанд салхин парк” компанийн гүйцэтгэх захирал Р.Давааням “Барилгын ажлыг ирэх сарын эцсээр эхлүүлэхээр төлөвлөж байгаа. Үүнээс өмнө хийх ажил их бий” хэмээн ярив. Барилгын ажил 18 сар үргэлжлэх тухай өмнө нь мэдээлсэн. Сайншандын салхин цахилгаан станц нь тус бүр 2.2 мВт хүчин чадалтай 25 турбинтай байх гэнэ.
Станц ашиглалтад орсноор нүүрстөрөгчийн давхар ислийг бууруулах, эрчим хүчний салбарын нүүрснээс хараат байдлыг багасгах зэрэг ач тустай юм. Уг станц жилд 201 сая кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэх тооцоо бий.