Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан эрсдэлт нөхцөлд байгаа болон асрамж, халамжийн төвд хүмүүжиж буй хүүхдүүдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох “Мэргэжил бүхэн сайхан” өдөрлөгийг зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр холбогдох байгууллагын удирдлага, салбартаа тэргүүлэгч олны танил эрхмүүд болон мэргэжил олгох холбоодын тэргүүлэгчид ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад хандаж мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар зөвлөгөө мэдээлэл өгөхийн зэрэгцээ аливаа хүн зүрх сэтгэл, хүсэл тэмүүллээ дагаж мэргэжлээ сонгосноор хэрхэн амжилтад хүрч, аз жаргалтай амьдралыг цогцлоодог талаар өөрсдийн бодол, амьдралын туршлагаасаа хуваалцсан юм.
БСШУСЯамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан
Үнэхээр мэргэжил бүхэн сайхан гэдгийг батлан хэлмээр байна. Өндөр ур чадвартай мэргэжилтэн болж мэргэжлийн ёс зүйтэй монгол иргэн байх нь та бүхний үүрэг юм шүү. Ажил хүнийг голохоос биш , хүн ажлыг голдоггүй юм. Хүүхэд бүр хүчтэй байх ёстой. Чи өөрөө хүчтэй байж чадвал амьдрал чинь мөн хүчирхэг ноён нуруутай байх болно.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхэд хөгжил, хамгааллын газрын дарга Ц.Алтанзаяа
Эрсдэлт нөхцөлд байгаа болон асрамж, халамжийн төвд хүмүүжиж буй хүүхдүүдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгож хүүхдүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулах, ирээдүйд ззэмших мэргэжлээ зөв сонгох, мэдлэг, ур чадвартай залуу үеийг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьж буй та бүхэнд талархсанаа илэрхийлье. Хүүхэд бүрийн төлөө хийх аливаа ажил сэтгэлийнх байдаг нь энэ удаагийн өдөрлөгөөс харагдаж байна. Ажил мэргэжил бол амьдралын чухал сонголт юм. Тиймээс өдөрлөгөөс гарсан санал, санаачилга, үнэтэй зөвлөгөө, мэдээлэл хүүхдүүд та бүхний мэргэжил сонголтод хувь нэмрээ оруулж, үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна.
МҮОНРТ-ийн Ерөнхий Захирал Л.Нинжжамц
Хүн ер нь өөртөө итгэлтэй байж, бүх л хүч, нөөцөө зөв хуваарилж, биеэ дайчилж чадвал амжилт ойртсоор байдаг. Аливаа ажлыг хийж сурахад хамгийн наад зах нь тэвчээртэй байхаас гадна ном унших дадлыг өөртөө бий болгох хэрэгтэй. Өсвөр насны хүүхдүүд уран зохиолын дэлхийн алдартай хүмүүсийн ололт амжилтын тухай өгүүлсэн ном, сонин уншиж, тархиа үргэлж цэнэглэн орчлон хорвоогийн юмс үзэгдлийн сонин сайхныг бусаддаа хуваалцаж байгаарай.
Монгол Улсын мастер үсчин, “VIDAL” салоны захирал Д.Одонгоо
“Мэргэжил бүхэн сайхан” өдөрлөгийг санаачлан зохион байгуулсан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, дэмжин ажилласан бүх л байгууллага, холбогдох албаны хүмүүст баярлаж талархаснаа илэрхийлье. Миний хувьд үсчин мэргэжлээрээ үргэлж бахархаж, өөрийн багахан ур чадвараа бусадтай хуваалцах дуртай. Өнөөдрийн өдөрлөгт оролцож байгаа сурагчиддаа хандаж хэлэхэд аливаа ажлыг сэтгэлээсээ гүйцэтгэж, өөрийгөө үргэлж хөгжүүлэн, мэргэжлээрээ бахархаж яваарай гэж хүсье.
“Хувьсал продакшн”-ы жүжигчин СТА А.Ганчимэг
Хүн амьдралдаа ханилсан хань, ажил мэргэжилээ зөв сонгох юм бол амьдрал аяндаа аз жаргалтай болдог. Гэхдээ ашигтай , эрэлт хэрэгцээтэй, их мөнгө олдог гэхээсээ илүү өөрийнхөө хүссэн зүйлрүүгээ тэмүүлж түүнийхээ төлөө хөдөлмөрлөх нь хамгийн чухал. Бүх мэргэжилд тэсвэр тэвчээр, хатуужил шаарддаг юм шүү.