Сангийн яам, Дэлхийн банкнаас Экспортыг дэмжих төслийг өнгөрсөн баасан гаригт эхлүүллээ. Уг төсөл нь уул уурхайн бус салбарын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн экспортыг дэмжиж, гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх чадавхыг нь нэмэгдүүлэхэд туслалцаа үзүүлэх аж.
Монгол Улсын Засгийн газраас дөрвөн жил хагасын хугацаанд хэрэгжүүлэх энэхүү төслийн хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг сургалтад хамруулж, санхүүгийн тусламж олгохын сацуу экспортыг дэмжих зээлийн даатгалын бүтээгдэхүүнээр хангаснаар эдийн засгийг төрөлжүүлэхэд дэмжлэг болох гэнэ.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Төслийн хүрээнд уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй одоо байгаа, шинээр бий болох жижиг, дунд үйлдвэрүүд экспортын зээлийн даатгалд илүү хялбар, өргөн хүрээнд хамрагдах боломж бүрдэхээс гадна практик мэдлэг, бүтээгдэхүүний чанар, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх санхүүгийн дэмжлэг авах юм. Хөдөө аж ахуйн давхар даатгалын хувьцаат компани, даатгалын хувийн компаниуд, санхүүгийн бусад байгууллага мөн Монголын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан экспортын чиглэлийн санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэхэд суралцана” хэмээн онцлов.
Түүнчлэн Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жэймс Андерсон “Экспортод уул уурхайн бүтээгдэхүүн давамгайлсан Монгол Улсын хувьд экспортыг төрөлжүүлэх нь эдийн засгийн бүтээмж, шинэ санаачилга, ажлын байрыг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой. Уг төсөл нь иргэдийн амьжиргааг дэмжин, эдийн засгийн хүртээмжтэй өсөлт бий болгох чиглэлээр Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй бусад хүчин чармайлттай нийцэж байгаа” гэж тодотголоо.
Энэхүү төслийг тус банкны Олон улсын хөгжлийн холбооны сангийн 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх юм байна. 2015 оны байдлаар Монгол Улсын экспортын 87 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байсан бол ажиллах хүчний дөрвөн хувь л ногдож байжээ.
Харин хөдөө аж ахуйн салбарт нийт ажиллах хүчний 30 хувь нь ногддог төдийгүй Монголын хүн амын бараг тал хувийн амьжиргаа, орлого, хөрөнгийг мал аж ахуйгаас бүрдүүлж буй. Төслийн нээлтэд мөн хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцсон бөгөөд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, боловсруулах бүтээгдэхүүн, аж ахуйн нэгжүүд хэрхэн хамрагдах талаар танилцуулав.