Манай улс орлогын шинэ үүд нээлээ. Энэ бол манайд хамгийн ойр далайн гарц болох БНХАУ-ын Тяньжин боомт юм. Дорноговь аймгийн Олон-Овоо өртөөнөөс өмнөд хөршийн Тяньжин боомт руу анх удаа шууд тээвэр хийж, Алагтолгой ордын эрчим хүчний нүүрсийг экспортлох боломж бүрдсэн нь энэ. Монголын нүүрсийг одоогоор Хятад л импортолдог. Дотоодын аж ахуйн нэгжүүд ганц худалдан авагчийн хараат байдлаас гарах арга хайж, түүхий эдээ гадаад зах зээлд хүргэх оролдлого хийж байв.
Тухайлбал, “Энержи ресурс” компани 2012 онд Энэтхэг рүү туршилтын экспорт хийсэн. Мөн “Шарын гол” БНСУ руу нүүрс тээвэрлэхээр гэрээ хэлцэл хийж, хамтарсан компани хүртэл байгуулж байлаа. Гэвч түүхий эдийн үнэ өртгөөсөө давахгүй байснаас шалтгаалж ажил хэрэг болж чадаагүй. Харин одоо Монголын нүүрс өмнөд хөршийн Тяньжин боомтод хүрч, дэлхийн хаалгыг “тогшлоо”.
Ингэснээр нүүрсээ тус боомт дээрээс ОХУ, Индонез зэрэг орны компаниудтай зэрэгцэн олон улсын биржийн үнээр арилжих болж байна. Нүүрс ачсан 50 вагон бүхий цуваа өнгөрсөн пүрэв гаригт Олон-Овоогийн өртөөнөөс Тяньжиныг зорьсон бөгөөд уг гарцыг нээх арга хэмжээнд Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа, БНХАУ-ын Элчин сайдын яамны элчин зөвлөх Ян Чин Дун болон албаны бусад хүн оролцлоо.
Энэ үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат “Манай улс экспортын шинэ гарц нээлээ. Одоо үүнийг удаан хугацаагаар ашиглахыг зорьж байна” хэмээн онцолсон юм.
Дорноговь аймгийн Олон-Овоогийн өртөөнөөс 20 орчим км-ийн зайд орших Алагтолгойн ордоос “Чингисийн хар алт”, “Штанкойл”, “Фрэндшип” зэрэг компани нүүрс олборлож байгаа. Тус орд нь сайн чанарын эрчим хүчний нүүрсний нөөцтэй бөгөөд эдгээр компани хамтран экспорт хийх юм. Өмнөд хөршийн зах зээлд өнгөрсөн оны хоёрдугаар хагасаас эхлэн нүүрсний үнэ өссөн.
Ингэснээр олборлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа сэргэж байна. Тухайлбал, өнгөрсөн онд манай улс 25 сая тн нүүрс экспортолж, нэг тэрбум ам.долларын орлого олсон нь өмнө нь байгаагүй өндөр үзүүлэлт юм. Мөн энэ оны эхний хоёр сард өмнөд хөрш рүү таван сая тн-ыг нийлүүлжээ. Олон улсын шинжээчид коксжих нүүрсний зах зээл цаашид төдийлөн сэргэхгүй хэмээн таамаглаж буй бол эрчим хүчний нүүрсний хувьд байдал арай өөр байгаа юм. Эрчим хүчний нүүрсний томоохон импортлогч БНХАУ өнгөрсөн онд БНАСАУ-д худалдааны хориг тавьсан.
Хойд Солонгос нь БНХАУ руу жил бүр 30 орчим сая тн эрчим хүчний нүүрс нийлүүлдэг байсан юм. Мөн Хятад улс нэг сая тн-оос бага нөөцтэй, жижиг уурхайнуудынхаа үйл ажиллагааг зогсоож байгаа. Ингэснээр эрчим хүчний нүүрсний зах зээлд томоохон орон зай гарч буй юм. Манай улс үүнийг ашиглах боломжтой. Түүнчлэн манайд нүүрсний хэрэглээ өвлийн цагт өсдөг бол Хятадад зун нэмэгддэг. Учир нь тус улсад халууны улиралд хөргүүр ихээр ашигладаг.
Ялангуяа Шар мөрнөөс өмнө орших бүс нутагт хөргүүрийн хэрэглээ их. Тиймээс ирэх зургадугаар сараас эрчим хүчний нүүрсний эрэлт нэмэгдэж, үнэ нь өсөх таамаг бий. Одоогоор Тяньжин боомтод нэг тн эрчим хүчний нүүрс чанараасаа шалтгаалан 500-600 юаньд хүрч байгаа. Харин Эрээнд 230 юаниар худалддаг аж. Тяньжин руу шууд тээвэрлэснээр Эрээнийхээс 2-2.5 дахин өндөр үнээр борлуулах боломж бүрдэх юм байна.
Харин Тяньжин хүрэх тээврийн зардал нь тн тутамд 30 ам.доллар буюу 200 орчим юань болох аж. Иймд эрчим хүчний нүүрсээ олон улсын зах зээлд хүргэснээр тн тутмаас 70-170 юанийн ашиг олох юм.
Алагтолгойн ордод үйл ажиллагаа явуулж байгаа гурван компани энэ онд 800 мянган тн нүүрс экспортлох гэрээг Хятадын талтай хийсэн бөгөөд цаашид жилд дөрвөн сая тн хүртэл өсгөх боломжтой гэж үзэж байгаа гэнэ. Тиймээс өртөө болон “Улаанбаатар төмөр зам”-ын хүчин чадлыг нэмэгдүүлжээ.
...эрчим хүчний нүүрсний хувьд байдал арай өөр байгаа юм. Эрчим хүчний нүүрсний томоохон импортлогч БНХАУ өнгөрсөн онд БНАСАУ-д худалдааны хориг тавьсан. Хойд Солонгос нь БНХАУ руу жил бүр 30 орчим сая тн эрчим хүчний нүүрс нийлүүлдэг байсан юм. Мөн Хятад улс нэг сая тн-оос бага нөөцтэй, жижиг уурхайнуудынхаа үйл ажиллагааг зогсоож байгаа. Ингэснээр эрчим хүчний нүүрсний зах зээлд томоохон орон зай гарч буй юм. Манай улс үүнийг ашиглах боломжтой...
Тухайлбал, өнгөрсөн онд Олон-Овоо өртөөнд хоногт 300 вагон ачих хүчин чадалтай, тус бүр нь 400 м-ийн урт хоёр төмөр зам бүхий нурмаг ачааны шинэ терминал барьжээ. Ирэх сараас вагон жин хэмжүүр, гаалийн хяналтын талбай, ажилчдын байр зэргийг барихаар төлөвлөсөн байна. Уг тээврийг хийснээр “Улаанбаатар төмөр зам” компани сард ес орчим тэрбум төгрөгийн орлого олох боломжтой гэнэ.
Энэ үеэр “Чингисийн хар алт” компанийн дэд захирал А.Даваажав “Манай компани энэ онд 600 мянган тн буюу 9400 вагон нүүрс экспортлох төлөвлөгөөтэй байна. Ингэснээр жилд 28 тэрбум төгрөгийн нүүрс борлуулж, тээврийн хөлсөнд 9.4, улс, орон нутгийн төсөвт 4.2 тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлнэ. Өмнө нь түүхий эдээ Эрээнд борлуулж байсан бол Тяньжин руу шууд экспорт хийснээр ашиг нэмэгдэх юм. Экспортын хэмжээгээ цаашид нэг сая тн-д хүргэх зорилго бий” хэмээн ярив.
Мөн “Штанкойл” компанийн борлуулалтын албаны дарга Д.Эрдэнэтуяа “2016-2017 онд БНХАУ руу жилд 2-2.5 сая тн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Өнгөрсөн онд “Улаанбаатар төмөр зам”-ынхан энэ өртөөнд 28 вагон зэрэг ачих терминал ашиглалтад оруулсан. Ингэснээр олборлогчид өдөрт 100-150 вагон ачих хүчин чадалтай болж байна. Үүнийг дагаад жилд 2.5 сая тн нүүрс экспортлох боломж бүрдлээ” гэв.
Д.Ганбат: Экспортын орлого нэмэгдэж, валютын нөөц зузаарна
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатаас дараах тодруулгыг авлаа.
-БНХАУ-ын Тяньжин боомт руу нүүрс тээвэрлэх талаар хоёр тал олон жил яриа хэлэлцээ хийсэн. Энэ жил анх удаа БНХАУ-ын нутгаар дамжин гуравдагч орны зах зээл рүү түүхий эд нийлүүлэх боломж бүрдэж байна. Олон-Овоогийн өртөө өмнө нь зөрлөг байсан. Одоо жилд дөрөв хүртэлх сая тн-ын тээвэр хийх хүчин чадалтай нурмаг ачааны терминал энд байгууллаа.
-Төмөр замын тээврийн тари-фыг хөнгөлөх боломж бий юү?
-Манай Засгийн газар экспортыг бүх талаар дэмжинэ. Энэ хүрээнд тээврийн тарифыг экспортын бодлоготойгоо уялдуулах шаардлагатай юм. Манай улс далайд гарцгүй учир экспорт, импортын бараа бүтээгдэхүүнд эзлэх тээврийн зардал өндөр. Тиймээс зардлыг хямдруулахын тулд тарифыг экспортын хэмжээтэй уялдуулан зохицуулах шаардлага гарна. Энэ хүрээнд “Улаанбаатар төмөр зам” Эрээнээс буцах тээврийн тарифыг хөнгөлсөн.
-Эдийн засгийн үр өгөөжийг нь хэрхэн тооцож байгаа вэ?
-“Улаанбаатар төмөр зам”-ын мэдлийн төмөр замаар дамжих экспортын түүхий эдийн хэмжээ маш бага байсан. Өнгөрсөн оны эцсийн байдлаар энэ төмөр замаар 200 мянган тн нүүрс экспортолсон. Одоо Тяньжин руу шууд экспорт хийх гэж байна. Ингэснээр экспортын хэмжээ өсөж, валютын орлого нэмэгдэх боломж бий.
-Энэ гарцаар манай бусад компани нүүрсээ тээвэрлэж, олон улсын зах зээлд хүргэх боломж бий юү?
-Энэ нь нүүрсний чанараас ихээхэн хамааралтай. Алагтолгойн эрчим хүчний нүүрс нь 5500-гаас дээш ккал-ын илчлэгтэй. Эрчим хүчний нүүрсийг экспортлох, зах зээл олох нь хувийн хэвшлийнхний идэвхтэй үйл ажиллагааны үр дүн юм. Мөн Зам, тээврийн хөгжлийн яам, “Улаанбаатар төмөр зам”, Хятадын төмөр зам болон гааль, хорио цээрийн байгууллагуудын хооронд олон удаагийн уулзалт, хэлэлцээр хийснээр ийм боломж олдлоо.