Ам.долларын төгрөгтэй харьцах албан ханш суларсаар байна. Монголбанкнаас зарласан ам.долларын албан ханш энэ сарын 1-нд 2470.83 төгрөгтэй тэнцэж байв. Тэгвэл уг валютын ханш тасралтгүй уруудсаар өчигдөр 2454.96-д хүрлээ. Сүүлийн өдрүүдэд “Найман шарга” захад “ногоон”-ы ханш мөн доошилж буйг нэгэн ченж дуулгав. Тэнд өчигдөр 13.30 цагт ам.долларыг 2457 төгрөгөөр худалдан авч, 2459 төгрөгөөр борлуулж байлаа.
Энэ нь өнгөрсөн ням гаригт “Найман шарга” захад нэг ам.долларыг 2455 төгрөгөөр авч, 2459-өөр зарж байсантай бараг ижил үзүүлэлт бөгөөд ханш тогтвортой буйг илтгэж байна. Хамгийн сүүлийн буюу өчигдрийн валютын дуудлага худалдаагаар банкууд 2452.17 төгрөгийн жигнэсэн дундаж ханшаар 10.2 сая ам.доллар худалдан авах, 2457.07 төгрөгийн ханшаар 14.1 сая ам.доллар худалдах, 353.67 төгрөгийн дундаж ханшаар 58 сая юань худалдан авах санал ирүүлжээ.
Өөрөөр хэлбэл, банкуудын ам.доллар худалдах саналын дүн худалдан авахаас нь их байна. Төвбанк энэ удаагийн дуудлага худалдаагаар саналуудыг нь биелүүлсэнгүй. Энэ өдөр банкууд гурван сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлэхэд мөн биелүүлээгүй байна. Монгол Улс ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах хүлээлт бий болсон нь ам.долларын ханшид нөлөөлж буй талаар зарим эдийн засагч тэмдэглэж байгаа юм.
Дашрамд дурдахад, АНУ-ын Төвбанк бодлогын хүүгээ 0.25 хувиар өсгөн, 0.75-1 хувьд хүргэжээ. Тус банкны тэргүүн Жанет Йеллен “Ажилгүйдлийн түвшин буурч, инфляц зорилтот түвшинд дөхөж, эдийн засаг “эрүүлжиж” байгаа. Бодлогын хүүг энэ онд дахин хоёр удаа нэмэхээр таамаглаж байна” хэмээн өгүүлснийг “The Telegraph” дамжуулав. Уг мэдээлэл цацагдсаны дараа АНУ-ын хувьцааны индексүүд өссөн бол ам.долларын ханш буурсан тухай “Аssociated press” мэдээлжээ.