“Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага” сэдэвт өдөрлөг ирэх сарын 7-8-нд болно. Уг арга хэмжээг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Компанийн засаглалын үндэсний зөвлөлтэй хамтран зохион байгуулах аж.
Энэ үеэр төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн үйлчилгээг иргэдэд нэг дороос хүргэх гэнэ. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осороос зарим зүйлийг тодрууллаа.
-“Эрдэнэт үйлдвэр”-т хийсэн шалгалтын дүнг хэзээ танилцуулах вэ?
-Сангийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагааг шалгасан. Дүнг нь удахгүй танилцуулна. 49 хувийг нь худалдаж авсан компани “Эрдэнэт үйлдвэр”-ийн бүтцийг өөрчилсөн байна.
Үүнийг өмнөх хэлбэр рүү нь оруулах хэрэгтэй гэсэн дүгнэлт гарсан. Мөн бараа, үйлчилгээ худалдан авах ажиллагааг нээлттэй болгох шаардлагатай гэж үзлээ. Шалгалтын дүнг энэ сард багтаан гаргах төлөвлөгөөтэй байгаа.
-Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн удирдлагын цалин хэт өндөр байна гэсэн шүүмжлэл бий. Үүнд өөрчлөлт орсон уу?
-Цалинг нь 30-60 хувиар бууруулсан. Манай газар төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэх удирдлагатай зургаан сараас нэг жилийн хугацаатай үр дүнгийн гэрээ байгуулж байна. Өр төлбөрөө багасгаж, үйл ажиллагаагаа сайжруулахгүй бол гэрээг нь сунгахгүй гэдэг шаардлага тавьсан. Мөн ТУЗ-ийн гишүүдийн цалин дээд тал нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин өсгөсөнтэй тэнцэх хэмжээтэй байх юм.
-Төрийн өмчит аж ахуйн нэгжүүд 10.8 их наяд төгрөгийн өр төлбөртэй байсан. Энэ нь багассан уу?
-Төрийн өмчит 90 компаниас 2015 онд 30 орчим нь ашигтай ажилласан бол 2016 онд 70-ыг нь ашигтай ажиллуулах ёстой гэсэн чиглэл өгсөн. “Монгол шуудан” 2015 онд 70 сая төгрөгийн ашигтай ажилласан бол өнгөрсөн жил 1.2 тэрбумд хүрч өссөн. ТОСК-ын өр 110 тэрбум төгрөгөөр багаслаа.