Манай улсын хэрэглэгчийн итгэлийн индекс өнгөрсөн оны эцэст жилийн өмнөх үеэсээ 15.5 пунктээр өсөж, 78.4 болсон байна. Үүнд хүлээлтийн итгэлийн индекс 32.6 пунктээр дээшилж, 115-д хүрсэн нь голлон нөлөөлжээ. Энэ нь ойрын ирээдүйд эдийн засаг сэргэнэ гэсэн найдлага иргэдэд төрж буйтай холбоотой аж.
Тухайлбал, удаан эдэлгээтэй бараа, бүтээгдэхүүн худалдан авна гэсэн төлөвлөгөөтэй иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс өсөв. Үл хөдлөх хөрөнгө, автомашин, эд хогшил зэрэг нь эрэлтийн мэдрэмж өндөртэй. Мөн ийм төрлийн бараа, бүтээгдэхүүний борлуулалт нь эдийн засгийн төлөв байдлын талаар чухал мэдээлэл агуулдаг гэж судлаачид онцолдог.
Тиймээс ийм төрлийн зардал өсөх хандлага нь иргэд эдийн засаг сэргэнэ гэсэн хүлээлттэй байгаатай холбоотой аж. Уг үзүүлэлт нь 100-гаас бага бол хэрэглэгчид гутранги, 100-гаас их үед өөдрөг байна гэж тооцдог юм.