Турк Улс нь оюутнуудад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чанартай сургалтыг явуулахын зэрэгцээ олон салбарт мэдлэг, туршлага хуримтлуулах боломжыг олгодог бөгөөд бакалаврын түвшинд дэлхийн бусад улс орнуудын шилдэг оюутнуудыг элсүүлэхээр үүд хаалгаа нээж байна.
Тодруулбал, Турк Улсын 2017 оны Бакалаврын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын 1-ний өдөр эхэлж байна. Энэхүү тэтгэлгийг өнгөрөгч 2016 онд дэлхийн 150 улс орны 5000 оюутанд олгосон бөгөөд бүртгэлийн хугацаа гуравдугаар сарын 31-нд дуусна.
Энэхүү тэтгэлэг нь зөвхөн бакалаврын түвшинд суралцах оюутнуудад зориулагдсан болно.
Бүртгэлийг зөвхөн www.turkiyeburslari.gov.tr хуудсаар хийнэ. Бүртгүүлэхдээ шаардлагатай мэдээлэл болон материалыг дээрх бүртгэлийн системд оруулна.
Гараар бичсэн болон шуудангаар илгээсэн хүсэлтийг хүчингүйд тооцно.
Түгээмэл тавигддаг асуултууд
- Бүртгэл хийх зөвшөөрөгдсөн хувь хүн болон байгууллага байдаг уу?
Турк Улсын тэтгэлгийн бүртгэлийг хийх зөвшөөрөгдсөн хувь хүн болон байгууллага огтхон ч байхгүй болно. Бүртгүүлэхийг хүссэн иргэд зөвхөн www.turkiyeburslari.gov.tr цахим хуудаст хандах боломжтой. Бүртгэлийн системийн заавар болон сануулгатай анхааралтай уншиж танилцахыг зөвлөж байна.
- Бүртгүүлэхэд насны хязгаар бий юу?
Бүртгүүлэхийг хүссэн иргэд 1996 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш төрсөн байх шаардлагатай.
- Бүртгүүлэхэд дүнгийн үзүүлэлт хэд байх шаардлагатай вэ?
Анагаах ухаан, шүдний эмч, эм зүйч мэргэжлээр бүртгүүлэх иргэдийн дүнгийн үзүүлэлт 100/90-ээс дээш, бусад мэргэжлээр сурах иргэдийн дүнгийн үзүүлэлт 100/70-аас дээш байх болзолыг хангасан байх ёстой.
- Бүртгүүлэхийн тулд сургуулиа төгссөн байх шаардлагатай юу?
Турк Улсын тэтгэлэгт бүрэн дунд сургуулиа төгссөн эсвэл энэ жил төгсөх хүмүүс хамрагдах эрхтэй.
- Бүртгүүлэхэд заавал шаардлагатай баримт, материал бий юу?
Зарим Их, дээд сургуулийн сургалт болон мэргэжлийн онцлогоос шалтгаалан англи хэлний түвшин тогтоох шалгалтын оноо (SAT, TOEFL, DELF, YDS) шаарддаг бөгөөд түвшин тогтоох шалгалтын оноогүй иргэдийн бүртгэлийг тухайн ангилалд нь сонгон шалгаруулах боломжгүй.
- Тэтгэлгийн шалгаруулалт хэрхэн явагдах вэ?
Бүртгүүлсэн иргэдийг сонгон шалгаруулахад сонгосон Их, дээд сургууль болон мэргэжлийн онцлогт үндэслэн сурлагын түвшин, нийгмийн идэвхи, гаргасан амжилт зэргийг харгалзан үздэг.
- Бүртгүүлэхдээ хүссэн тэнхимээ сонгох боломжтой юу?
Их дээд сургууль, мэргэжлийн чиглэлийг сонгох хэсэгт тэтгэлэгт бүртгүүлэгчийн суурь боловсролын чиглэлийг үндэслэн систем өөрөө автоматаар түүнд тохирсон, сонгож болохуйц сургууль, мэргэжлийн жагсаалтыг гаргаж ирэх бөгөөд уг жагсаалтаас гадуур өөр сургууль, мэргэжил сонгох боломжгүйг анхаарна уу.
- Анагаахын сургуульд суралцахын тулд ямар хөтөлбөрт бүртгүүлэх шаардлагатай вэ?
Өмнөх жилүүдэд анагаах, шүдний эмч, эм зүйч, турк хэл – уран зохиол, шашин судлал зэрэг мэргэжлээр суралцахын тулд өөр хөтөлбөрт бүртгүүлэх шаардлагатай байсан. Энэ жилийн хувьд дүнгийн үзүүлэлтээрээ шаардлага хангасан бол дээрх мэргэжлээр сонгож бүртгүүлэх боломжтой.
- Дэлгэрэнгүй мэдээллийг ямар сувгаар авах боломжтой вэ?
Дэлгэрэнгүй мэдээллийг www.turkiyeburslari.gov.tr цахим хаяг болон 0 850 455 0 982 дугаарын утсаар холбогдон авах, эсвэл info@turkiyeburslari.org хаягт цахим шуудан илгээн тодруулаарай.