Д ам.доллароор зээл аваад хохирсон иргэдийн “218.1 хөдөлгөөн”-ий гишүүн. Түүний гэр бүл 2011 онд нэгэн банкнаас 80 сая төгрөгтэй дүйх орон сууцны зээлийг ам.доллароор тооцон авчээ. Тухайн үед ам.долларын ханш 1258 төгрөг байж. “Ногоон”-ы ханш 2400 төгрөг давснаас хойш тэрбээр орон сууцны зээлээ төлөхөө зогсоож, муу зээлдэгч болсноо ярив. Зээлээ төл, эсвэл орон сууцыг чинь хураана гэж банкныхан мэдэгдэж буй ч тэрбээр “зугтсаар” байгаагаа нуусангүй.
Зээлдэгч иргэн Д “Уг нь манайх төгрөгөөр зээл авах хүсэлт гаргасан. Гэвч банк ам.доллароор л зээл гаргах боломжтой байна. Хэсэг хугацааны дараа зээлийг тань төгрөг рүү шилжүүлж өгье гэсэн. Гэвч шилжүүлээгүй учраас гомдолтой байгаа” гэв.
Тэрбээр зээлийн хүүндээ 80 сая төгрөг төлжээ. Ам.долларын ханш өссөнөөр түүний гэр бүл 130-140 сая төгрөг нэмж төлж байж орон сууцныхаа эзэн нь болох гэнэ. Ханшийн өсөлтөөс улбаалж, сард тушаах мөнгөнийх нь хэмжээ ч ийн огцом өсчээ. Банкныхан түүнтэй уулзаж, зээлийг чинь 2300 ам.доллароор тооцон төлүүлж болох юм гэсэн санал тавьжээ.
Харин Д Иргэний хуулийн 218.1 дэх “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэсэн заалтыг үндэслэн, заргалдахаар шийджээ. Тэрбээр үүрэг гүйцэтгэх үеийн буюу 1258 төгрөгөөр ам.долларын ханшийг тооцож, зээлээ төлнө гэж банкныханд хэлсэн байна.
Түүнтэй адил үүрэг гүйцэтгэх үеийн ханшаар зээлээ төлнө гэсэн үзэл бодолтой 300 гаруй хүн “218.1 хөдөлгөөн”-д нэгджээ. Д бол жижиг зээлдэгчийн нэг жишээ. Мэдээллээ олон нийтэд дэлгээгүй болохоос биш, ам.долларын ханшийн өсөлтөөс шалтгаалж, хэдэн зуун сая, хэдэн арван тэрбум төгрөгийн алдагдал үүрч буй бизнесмэнүүд бий.
Монголын хамгийн том бөгөөд голчлон аж ахуйн нэгж, байгууллагад зээл олгодог, зургаан их наяд төгрөгийн хөрөнгөтэй банкныхан нийт зээлийнхээ 50 хувийг гадаад валютаар олгожээ. Тэгэхээр хэчнээн бизнесмэн ам.долларын ханшийн өсөлтөд “ниргүүлээд” буй нь ойлгомжтой.
Иргэний хуулийн тайлбарт “Иргэний хуулийн 218.1-д мөнгөний ханш өссөн, буурсан бол төлөх өдрийнх бус, харин гэрээ байгуулсан өдрийн ханшаар тооцохоор заасан байна. Мөн Иргэний хуулийн 218 дугаар зүйлд гэрээгээр тодорхойлсон үүрэг гүйцэтгэх мөнгөн тэмдэгтийн төрөл өөрчлөгдөж, уг мөнгөн тэмдэгт үгүй болсон бол хэрхэн зохицуулахыг заасан байх юм.
Энэхүү онцгой тохиолдолд “Мөнгөн тэмдэгт өөрчлөгдсөн бол мөнгөн тэмдэгт өөрчлөгдсөн өдөр мөрдөж байсан ханшаар тооцно” хэмээн бичжээ. Энэхүү тайлбараар мөнгөн тэмдэгт өөрчлөгдөөгүй бол гэрээ байгуулсан өдрийн ханшаар тооцно, харин мөнгөн тэмдэгт үгүй болж, өөрчлөгдсөн бол тухайн үеийн ханшаар тооцно гэсэн логик гарч байна. Төгрөг ч, ам.доллар ч өөрчлөгдөөгүй. Тэгэхээр “218.1 хөдөлгөөн”- ийнхний шаардлага зөв болж таарч байгаа юм.
Ам.долларын зээл авсан зарим иргэн, аж ахуйн нэгж банктай шүүхээр заргалдаад эхэлжээ. Харин шүүхийн шийдвэр хоёр өөр үндэслэлээр, иргэний, эсвэл банкны талд гарч буй нь хачирхалтай. “Иргэний хуулийн 218.1 дэх хэсэгт “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заасан байна. Иймд хариуцагч нь үүрэг үүсэх үе буюу 2015 оны хоёрдугаар сарын 23-ны Монголбанкны ханш нэг ам.доллар 1973.57 төгрөг, нийт 9600 ам.долларын гүйцэтгэх үүргийг төгрөгт шилжүүлбэл 18.946.272 төгрөг төлөх нь зүйтэй” гэсэн шийдвэрийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхээс гаргажээ.
Мөн тус шүүхээс “...Иймд Иргэний хуулийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, мөн хуулийн 218.1-д зааснаар үүрэг үүсэх үеийн 2013 оны дөрөвдүгээр сарын 25-ны эхний төлбөр төлөхөөр тохирсон өдрийн ханш буюу нэг ам.долларыг 1428.26 төгрөгөөр тооцсон үндэслэлтэй гэж үзээд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч “Эйр экспресс трэйвэл” ХХК-иас зээлийн хүүгийн төлбөр 162.000, алданги 81.000 ам.долларыг нэмж, нийт 243.000 ам.доллар буюу 347.067.180 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна” гэсэн шийдвэр гаргажээ. Энэ бол Иргэний хуулийн 218.1 дэх заалтыг үндэслэн заргалдаад банкийг ялсан шийдвэр.
Тэгвэл “...Харин хариуцагч Иргэний хуулийн 218.1-д “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж зааснаар зээл байгуулагдсан 2011 оны Монголбанкны ханшаар тооцох нь зүйтэй гэж маргаж буй бөгөөд энэ нь үндэслэлгүй байна. Учир нь Иргэний хуулийн 218.1 дэх заалт нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханшид хамааралгүй. Харин төгрөгийн өөрийнх нь худалдан авах чадварын өсөлт, бууралттай холбоотой зохицуулалт юм” гэж Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс үзжээ.
Өөр нэгэн жишээ. “Иргэний хуулийн 218.1-д “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заасан нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханш өөрчлөгдөх тохиолдолд хамаарахгүй юм. Иймд ам.долларын зээлийг тооцохдоо зээл авах үеийн ханшийг баримтлан төгрөгөөр гүйцэтгэх үүргийг тодорхойлох ёстой гэх хариуцагчийн тайлбар, гомдол хууль зүйн үндэслэлгүй болно” гэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарчээ.
Шударга шүүх нэг л ижил тайлбар, үндэслэлтэй шийдвэр гаргах учиртай. Толгой эргүүлсэн, хоёр талцуулсан шийдвэр гаргаж буй нь ямар учиртай вэ. Хуулийн заалтыг улам тодорхой болгож, шүүхээс адил үндэслэлтэй шийдвэр гаргах учиртай биш гэж үү.
Өндөр ханшаар тооцож зээлээ төлбөл зээлдэгч хохирно. Хэрэв бага ханшаар тооцож мөнгөө эргүүлэн авбал банк хохирно. Бодит нөхцөл байдлыг үнэлбэл, банк шуналтайдаа иргэдийг “уйлуулан” зовоогоод байгаа юм биш. Өнөөдрийн үүсээд буй нөхцөл нь энэ харилцааг зохицуулах эрх зүйн орчин сул байгааг харууллаа.
Тиймээс валютын орлогогүй иргэн, аж ахуйн нэгжид ам.долларын зээл олгохыг хориглох хууль батлуулах санаачилга зарим олон нийтийн байгууллагаас гарч байна. Валютын ханш савлагаатай, эрх зүйн орчин нь бүрхэг нөхцөлд ам.долларын зээл бүү ав.