Зургаан настай хүүхэд, ялангуяа цэцэрлэгт хамрагдаж байгаагүй хүүхэд нэгдүгээр ангид элсэн ороод олон бэрхшээлтэй тулгардаг. Хүүхдийн хөгжлийг насны онцлогт нь тааруулж дэмжих, сургах ажил зөвхөн багшийн үүрэг биш. Энд сургуулийн захирал, нийгмийн ажилтан, номын санч, эмч, сургалтын менежер, эцэг эх гээд бүх хүмүүсийн хамтын ажиллагаа чухал.
Хүүхдийг Ивээх Сан (ХИС)-гаас 2014 онд хийсэн судалгааны дүнгээс харахад хүүхэд сургуулийн шинэ орчин, дэг, багш болон бусад хүмүүсийн харилцаа зэрэгт дасан зохицох, сурах үйлд суралцах үйл явцад тулгардаг бэрхшээлийг тухайлан авч үзэж, түүнд чиглэсэн цогц дэмжлэг төдийлэн хангалттай бус байсан байна. Тухайлбал, хүүхдийн сургуульд дасан зохицоход дэмжлэг үзүүлэхэд шаардлагатай багшийн арга зүй, сургалтын хэрэглэгдэхүүн дутмаг, сургуулийн орчин, багш болон бусад ажилтнуудын хамтын ажиллагаа, эцэг эхчүүдийн хүүхдээ сургуульд бэлэн байдлыг хангах, суралцах чадварыг дэмжих талаарх ойлголт, хандлага сул байсан нь харагдсан.
Тэгвэл энэхүү хэрэгцээ, шаардлагад үндэслэн ХИС-аас “Нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дэмжихэд чиглэсэн сургуулийн чадавхыг бэхжүүлэх нь” төслийг 2015 оноос эхлэн хэрэгжүүлж эхлээд даруй хоёр жилийн нүүрийг үзэж байна.
Энэхүү төсөлд нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн захын хорооллын ерөнхий боловсролын 24 сургууль хамрагдаж байна. Эдгээр сургууль нэгдүгээр ангийн сурагчдын сургуульд дасан зохицох болон суралцах чадварыг дэмжих чиглэлээр бага ангийн багш, сургуулийн захирал, сургалтын менежер, номын санч, эмч, нийгмийн ажилтан, эцэг эхчүүдийн ойлголт, хандлага, арга зүй, ур чадвар, хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр хүчин чармайлт гарган ажиллаж байна.
Сургуулиудын хэрэгжүүлсэн үйл ажиллагааны сайн туршлага, суралцсан арга зүй, сургуулиудад бий болсон загвар, сургамж, цаашдын төлөвлөгөөний талаар бусадтай хуваалцах, эдгээр сайн туршлагын үр дүнг тогтвортой үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Туршлага солилцох уулзалт”-уудыг зохион байгуулна.
Арга хэмжээ гуравдугаар сарын 13-20-нд, тодруулбал 13, 14, 15-ны өдрүүдэд “Эцэг эхчүүдийн туршлага солилцох уулзалт” Бишрэлт зочид буудалд, 16, 17, 20-ны өдрүүдэд “Сургуулиудын туршлага солилцох уулзалт” Блу Скай зочид буудлын Кристал болон Даймонд танхимуудад явагдах юм.
Сайн туршлагыг бий болгож буй сургуулиуд өөр хоорондоо туршлагаа хуваалцах энэхүү арга хэмжээ нь цаашид нийслэлийн болоод үндэсний хэмжээнд өөрсдийн үйл ажиллагааны үр дүнг түгээн дэлгэрүүлж, туршлага, ололт амжилт, сургамжийг хуваалцах ажлын эхлэл юм.