АНУ-ын ажил олгогчид таамаглаж байснаас олон ажлын байрыг өнгөрсөн хоёрдугаар сард бий болгосныг “Reuters” дамжуулав. Энэ хугацаанд тэнд 235.000 ажлын байр бий болсон гэнэ. Тэр дундаа цаг агаарын нөхцөлөөс шалтгаалж барилгын салбар дахь ажлын байрны тоо бараг 10 жилд байгаагүйгээр (58.000) өссөн талаар Хөдөлмөрийн яамнаас нь өнгөрсөн баасан гаригт мэдээллээ.
Түүнчлэн үйлдвэрлэлийн салбарын ажиллах хүч нь 28.000-аар нэмэгдсэн нь 2013 оны наймдугаар сараас хойших дээд үзүүлэлт юм байна. Тэгвэл уул уурхайд 7700 ажлын байр бий болсны дийлэнх нь газрын тосны салбарт ногджээ. Дэлхийн хамгийн том эдийн засагтай АНУ-д өнгөрсөн сард 190.000 ажлын байр бий болно хэмээн эдийн засагчид өмнө нь таамаглаж байсан юм.
Мөн цалингийн хэмжээ ч нэмэгдсэн үзүүлэлт гарсан нь инфляцыг зорилтот хоёр хувьд хүргэхэд нөлөөтэй аж. Тэнд нэг цагийн дундаж хөлс жилийн өмнөхөөс 2.8 хувиар өсчээ.
Хэдийгээр эдийн засгийн өсөлт нь удааширч байгаа ч энэ долоо хоногт болох АНУ-ын Төвбанкны уулзалтаар удирдлагууд нь бодлогын хүүгээ өсгөх шийдэлд хүрч болзошгүйг дээрх агентлаг тэмдэглэжээ. Тус банкны тэргүүн Жанет Йеллен “АНУ бодлогын хүүгээ өсгөх боломжтой” хэмээн саяхан мэдэгдсэн билээ. Тиймээс мягмар, лхагва гаригт болох уулзалтаар ямар шийдвэр гаргахыг зах зээлд оролцогчид хүлээж буй.
Өнгөрсөн улирлын дунджаас харвал АНУ-д нэг сард 209.000 ажлын байр бий болжээ. Энэ нь зайлшгүй бий болгох шаардлагатай ажлын байрны тооноос даруй 110.000 гаруйгаар илүү гэсэн үг аж. Харин 2010 оны нэгдүгээр сараас хойших хугацаанд авч үзвэл тус улсад сард 186.000 ажлын байр бий болсон гэх статистик байгаа юм. Питтсбург дэх “PNC financial services” компанийн ахлах эдийн засагч Гус Фаушер “АНУ-ын Холбооны нөөцийн банкны хүсэж байсан хэмжээгээр ажлын байр нэмэгдсэн тул бодлогын хүүг өсгөж магадгүй” гэж онцоллоо.
АНУ-ын ажилгүйдлийн түвшин буурч, 4.7 хувьд (нэгдүгээр сард 4.8 байсан) хүрчээ. Дээрх мэдээллийн дараа тус улсын хувьцааны индексүүд, бондын ханш өссөн талаар “Bloomberg” уламжлав. АНУ-ын Төвбанк энэ онд бодлогын хүүгээ гурван удаа өсгөх таамаг бий. Тус банк АНУ-ын эдийн засгийн өсөлтийн нэг, хоёрдугаар улирлын төлөвийг нэмэгдүүлээд байгаа юм.
Торонто дахь “Capital economics” компанийн ахлах эдийн засагч Пол Ашворт “АНУ бодлогын хүүгээ энэ онд дөрвөн удаа нэмнэ гэж таамаглаж байгаа” хэмээжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ажлаа хүлээн авснаас хойш хэрэглэгч, бизнес эрхлэгчдийн итгэл нэмэгдсэн үзүүлэлт гарсныг хэвлэлүүд мөн онцолж буй. Гэхдээ олон улсын үнэлгээний “Moody’s” агентлагийн шинжээч Райн Свит “АНУ-д ирэх саруудад 200.000 ажлын байр бий болно гэж бид таамаглахгүй байгаа” хэмээн ярьжээ.