Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн, Японы ЖАЙКА байгууллагатай хамтран “Уул уурхайн бүтээгдэхүүний төлөв, хандлага” сэдэвт хурлыг өчигдөр зохион байгууллаа. Энэ үеэр манай улсын экспортын голлох түүхий эд болох алт, зэс, нүүрс, төмрийн хүдрийн дэлхийн зах зээлийн төлөв байдал, үнийн хандлагын талаарх судалгааг танилцуулав. Манай улс өнгөрсөн жил 25 сая тн коксжих нүүрс экспортолсон нь дэлхийд 15-д орох үзүүлэлт болж буй.
Экспортын хэмжээ нэмэгдэж, үнэ өссөнөөр 2016 онд коксжих нүүрснээс нэг тэрбум орчим ам.долларын орлого олжээ. Үнэ өсөхөд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн гэдгийг судлаачид тайлбарлаж байв. МУИС-ийн багш, доктор, профессор Ч.Хашчулуун “2014-2015 онд үнэ хямдрах үед олон компани үүдээ барьж, нийлүүлэгчдийн тоо буурсан. Мөн өнгөрсөн онд цаг агаарын байдлаас шалтгаалан Хятадад нүүрсний олборлолт багассан. Энэ мэт шалтгаанаас үүдэн нийлүүлэлт хумигдсан тул өмнөд хөршийн гангийн үйлдвэрүүд нүүрсийг их хэмжээгээр худалдан авах болсон юм. Ингэснээр үнэ өссөн” гэлээ.
Зах зээлийн шуурганд “Peabody energy”-гээс эхлээд дэлхийн томчууд сөхөрсөн. Харин манай дотоодын компаниуд “шүд зуун” хүнд үеийг давж гарснаар Хятад руу нийлүүлэх түүхий эдийн хэмжээгээ өсгөх боломж бүрдлээ. Хятадын далайн эргийн боомт дахь коксжих нүүрсний тавдугаар сарын фьючерс ханш 250 ам.доллар байгаа аж. Коксжих болон эрчим хүчний нүүрсний дэлхийн зах зээлийн үнэ цаашид тогтвортой байх төсөөллийг шинжээчид гаргаж байна. Иймд Сангийн яамны эдийн засагчид энэ онд манай улс 23 сая тн нүүрс экспортолно хэмээн таамаглаж буй юм.
Шинжээчид дэлхийн зах зээл дэх төмрийн хүдрийн үнэ ойрын хугацаанд төдийлөн өсөхгүй хэмээн үзсэн. Тухайлбал, “Bloomberg”-ийн шинжээчид тонн төмрийн хүдэр 2017-2020 онд 50 ам.долларт хэлбэлзэнэ хэмээн төсөөлсөн бол Дэлхийн банк 56-57, “Morgan Stanley” 58 ам.доллар байна гэж үзжээ. Хятадын гангийн хэрэглээний дийлэнх нь дэд бүтэц, барилгын салбарт ногддог. Сүүлийн жилүүдэд гангийн үйлдвэрүүд хаягдал төмөр ихээр ашиглах болсон. 2030 он гэхэд тус улсад хаягдал төмрийн үйлдвэрлэл хоёр жилийн өмнөх үеэс гурав дахин өснө гэсэн тооцоо гарсан. Одоогоор Хятадын нийт гангийн үйлдвэрлэлийн 60 хувьд нь хаягдал төмөр ашигладаг. Иймд ойрын жилүүдэд эрэлт өсөхгүй гэнэ.
Дэлхий нийт өнгөрсөн онд 4300 тн алт хэрэглэсэн талаар МУИС-ийн багш, дэд профессор Б.Түвшинтөгс илтгэлдээ дурдлаа. Үүнээс гоёл чимэглэлд 2400, технологийн салбарт 335, хөрөнгө оруулалтад 878, Төвбанкууд 588 тн алт худалдан авсан байна. Харин гоёл чимэглэлийн хэрэглээ өнгөрсөн онд буурчээ. Энэ нь Энэтхэг, Хятадын иргэдийн алтны хэрэглээ багассантай холбоотой.
Ялангуяа Хятад улсын иргэдийн сонирхол өөрчлөгдөж, алт моодноос гарч эхэлжээ. Харин ОХУ, БНХАУ, Казахстан зэрэг орны Төвбанк алт худалдан авах хэмжээгээ өсгөж байна. Шинжээчид алтны үнийг харилцан адилгүй таамаглаж буй ч дундаж нь 1244 ам.доллар байгаа юм.
Сүүлийн 50 жилд зэсийн хэрэглээ гурав дахин нэмэгджээ. Дэлхий даяар үйлдвэрлэсэн нийт зэсийн 50 хувь нь өмнөд хөршид ногддог. Харин ойрын жилүүдэд энэ нь төдийлөн өсөхөөргүй байгаа гэнэ. Тухайлбал, 2016 онд 23.4 сая тн-ыг хэрэглэсэн бол энэ жил 23.6 сая тн болно. Ингэснээр шаргал металлын эрэлт ойрын жилүүдэд 1-3 хувиар л нэмэгдэх таамагтай байна. Дэлхийн банк энэ онд тн зэсийн үнэ 5700 ам.доллар байна хэмээн төсөөлж буй бол ОУВС-гийн шинжээчдийнхээр 5788 байх нь.