Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн П.Батсайхан, шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг нар 2017 оны 3 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллалаа.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн П.Батсайхан Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2016 оны ажлын тайлан, 2017 оны бодлого зорилтыг танилцуулав. Мөн шүүх, шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаатай танилцлаа. Ингэхдээ шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад цаашид хэрэгжүүлэх ажлын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.
Өмнөговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга О.Өлзийхутаг шүүн таслах ажиллагааны товч тайлан, шүүх хуралдааны танхимыг бүрэн тохижуулсан болон шүүхийн захиргааны ажилтнууд мэдлэг боловсролоо дээшлүүлж байгаа зэрэг онцлох ажлуудаа танилцуулж, албаны хүмүүсийн асуултанд хариулт өгсөн юм.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн тайлан, шүүхийн захиргааны удирдлага болон бусад асуудлаар шүүгч, ажилтнууд санал бодлоо илэрхийлж, харилцан ярилцаад тайлангийн хэлэлцүүлгийн төгсгөлд П.Батсайхан гишүүн тус шүүхийн номын санд шинэ номын цомог бэлэглэж цаашдын ажилд нь амжилт хүслээ.
Өмнөговь аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт 12 шүүгч, 24 шүүхийн захиргааны ажилтан 61 мянган хүн амтай тус аймгийн 15 сумыг харьяалан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж байна.
2016 онд Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокурорын газраас 139 эрүүгийн хэрэг хүлээн авч 117 хэргийг шийдвэрлэсэн. Захиргааны зөрчлийн 144 материал хүлээн авч 71 хүнд хуульд заасан захиргааны шийтгэл ногдуулсан байна. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх иргэд, байгууллагаас 660 нэхэмжлэл хүлээн авч 607 хэргийг шийдвэрлэжээ. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 33 нэхэмжлэл хүлээн авч 19 хэргийг шийдвэрлэсэн, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гомдол, эсэргүүцлээр иргэний 82 хэрэг хүлээн авч 72 хэргийг шийдвэрлэсэн, эрүүгийн 86 хэрэг хүлээн авч 61 хэргийг шийдвэрлэснээ танилцуулсан.
Анхан шатны шүүхүүд нь иргэн, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад улсын тэмдэгтийн хураамжид нийт 77.329.500 төгрөгийг орон нутгийн орлогод төвлөрүүлсэн байна.
Дараа нь Өмнөговь аймаг дахь шүүх, шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаатай танилцав. Мөн тус шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын санал хүсэлтийг сонсч, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.