Монголбанкны валютын ээлжит дуудлага худалдаа өчигдөр боллоо. Банкууд 2461.91 төгрөгийн дундаж ханштайгаар 0.5 сая ам.доллар, 354.2 төгрөгийн дундаж ханштайгаар 13.5 сая юань худалдан авах санал ирүүлжээ. Мөн 2467.3 төгрөгийн дундаж ханштайгаар 41.3 сая ам.доллар худалдах санал гаргасан байна. Төвбанк энэ удаагийн дуудлага худалдаагаар 31.5 сая ам.долларыг 2467.5 төгрөгийн ханштайгаар худалдан авчээ.
Монголбанк зах зээлээс ам.доллар худалдан авч буй нь валютын нийлүүлэлт нэмэгдсэнийг илэрхийлж буй юм. Гадаад валютын нийлүүлэлт нэмэгдсэнээр цаашид төгрөгийн ханш чангарах төлөв ажиглагдаж эхэллээ. Төвбанкнаас гаргадаг валютын дундаж ханшаар өнөөдөр ам.доллар 2466.8 төгрөгтэй тэнцэв.
Энэ нь ам.долларын ханш сарын өмнөхөөс 20 төгрөгөөр буурсан үзүүлэлт юм. Түүнчлэн банкууд хоёр сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл хийх санал ирүүлжээ. Энэ удаагийн дуудлага худалдаагаар своп хэлцэл хийх саналыг Төвбанк биелүүлсэнгүй.