Монголбанкны өнгөрсөн баасан гаригийн албан ханшаар ам.доллар 2470 төгрөгтэй тэнцэж байв. Харин валют арилжааны “Найман шарга” төвд өчигдөр ам.долларыг 2466 төгрөгөөр худалдан авч, 2470-аар худалдаж байлаа. Хоёр сарын өмнө 2500 төгрөг шүргэж байснаас хойш “ногоон”-ы ханш ийнхүү 1.1 орчим хувиар суларчээ.
Сүүлийн үед Төвбанк ам.доллар нийлүүлэх бус, харин зах зээлээс худалдаж авах болсон. Энэ нь арилжааны банкууд валют худалдах саналаа Төвбанкинд тавьж буйтай холбоотой. Тухайлбал, өнгөрсөн пүрэв гаригт банкууд 23 сая ам.доллар худалдах санал хүргүүлснээс Төвбанк 12 сая ам.долларыг 2470 төгрөгийн ханшаар (нэг ам.долларын ханш) тооцон, худалдан авав.
Манай улс Олон улсын валютын сангийн хөтөлбөрт 36 сарын хугацаагаар хамрагдаж, 440 сая ам.доллар зээлэхээр болсон. Мөн үүний хүрээнд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Япон, БНСУ-аас тав орчим тэрбум ам.долларын санхүүжилт авна гэж буй. Үүнээс гадна 600 сая ам.долларын “Хуралдай” бонд арилжиж, өмнө нь Хөгжлийн банкны гаргасан 580 сая ам.долларынхоор солих Засгийн газрын төлөвлөгөө үндсэндээ амжилттай биеллээ.
Гадаад валютын орох урсгал ийнхүү нэмэгдэх хандлагатай байгаа нь “ногоон”-ы ханш цаашид хямдарна гэсэн дохиог бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдад өгч буй аж. Ам.долларын ханшид эрэлт, нийлүүлэлтээс гадна хүлээлт чухал нөлөөтэй. Ялангуяа манайх шиг жижиг эдийн засагтай оронд энэ нь ханшийн савлагаанд хүчтэй нөлөөлдөг гэж шинжээчид тайлбарладаг.
Иргэдийн хүлээлт ийнхүү эерэг тийш чиглэсэн нь ханш цаашид тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлж буй. Засгийн газрын валютын нөөцөө хамгаалах, валютын орох урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр хийсэн ажлын үр дүнд шинжээчид, хувийн хэвшлийнхэн ийнхүү сайн үнэлгээ өгч байна. Энэ нь ханш буурснаар илэрлээ.