Монголын уламжлалт цагаан сарын баярын өдрүүдэд хулгайлах төрлийн гэмт хэрэг ихээр үйлдэгддэг.
Тэгвэл энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр "Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хөтөлбөр"-г цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлэн ажиллаж байна. Хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс энэ төрлийн гэмт хэрэг ихээр үйлдэгддэг газруудад хэсэгчилсэн арга хэмжээг зохион явуулж халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг 100 орчим сэжигтэн этгээдийг олж тогтоон бүртгэл судалгаанд хамруулан ажиллаж байна.
Мөн хүн ихээр төвлөрч ачаалал нэмэгддэг зах, үйлчилгээний төвүүдэд тус хэлтэс ОНАБХГ-н Тусгай хамгаалалтын хэлтэстэй хамтран бүрэн бүрэлдэхүүнээрээ үүрэг гүйцэтгэж байна. Үүрэг гүйцэтгэх хугацаанд халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг 3-4 хүний бүрэлдэхүүнтэй 40-45 орчим насны бүлэг эмэгтэй хулгайч нарыг илрүүлэн баривчилж шалгалтын ажлыг хийж байна.
Шалгалтын явцад тэд 30-40 минутын хооронд Хархорин худалдааны төв дотор 6 иргэний цүнх болон халааснаас эд зүйлс хулгайлсан байсныг шуурхай эрэн сурвалжлан илрүүлж иргэдийн хохиролыг барагдуулсан байна. Мөн сар шинийн баярын өдрүүдэд гандан, хийдүүдэд иргэд ихээр цугларч засал номоо бичүүлж буян үйлддэг бөгөөд энэ үед ч халаасны хулгайч нар тэдний халаас цүнхнээс эд зүйл хулгайлах тохиолдол ихэсдэг байна.
Иймд иргэд та бүхэн хөл хөдөлгөөн ихтэй, хүн ихээр цугларсан зах үйлчилгээний төвүүдээр үйлчлүүлэх, гандан хийдүүдэд буян үйлдэж ном хуруулах үедээ халаасны хулгайч та бүхнийг отож байдгийг ойлгож эд зүйлсээ анхаарал болгоомжтой авч явахыг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс сэрэмжлүүлж байна.