Сар шинийн баярын өдрүүдэд сүм хийдээр иргэд олноор үйлчлүүлж, буян номыг үйлдэж, зул хүжээ бадамлуулдаг уламжлалтай. Энэ арга хэмжээг угтаж нийслэлийн Онцгой байдлын газраас болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлж, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай Сүм хийд, шашны байгууллагуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус шалгалтыг 2017 оны 02 дүгээр сарын 13-ны өдрөөс 02 дугаар сарын 23-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Шалгалтаар сүм хийдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 73 объект хамрагдаж, галын аюулгүйн норм дүрэм, стандарт зөрчсөн 805 зөрчил илрүүлж, зөрчлүүдийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 40, мэдэгдэл 28, танилцуулга 2-ыг бичиж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэн, хэрэгжилтэнд нь хяналт тавин ажиллалаа.
Шалгалтын явцад барилга байгууламжийн авралтын нөөц гарц хааж эд зүйл байрлуулсаныг газар дээр нь чөлөөлүүлж, аврах үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлсэн, мөн арц, хүж, зулыг үл шатах материал дээр байрлуулж хэрэглэх, цахилгааны аюулгүй байдлыг хангуулж ажиллах талаар тухайн байгууллагын холбогдох албан тушаалтан нарт мэргэжил арга зүйн зааварчилгааг өгч ажиллалаа.